Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4299

 

 

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04299

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14 дүгээр байр, 60 тоотод оршин суух, Шарав овогт Цэдэнсамбын Хандсүрэн /РД: УГ75082641/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 65 дугаар байр 89 тоотод оршин суух, Боржигон овогт Батсүхийн Энхсайхан /РД: ХВ76010716/-д холбогдох,

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагч Б.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Б.Энхсайхантай танилцаж, хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Сувдаа төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан. Б.Энхсайхан нь 2015 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл охиноо харж хандаагүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Э.Сувдаагийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эцэг тогтоолгох шаардлагаа татан авч байна гэв.

 

Хариуцагч Б.Энхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Хандсүрэнгийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн нь хариуцагч Б.Энхсайханд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан шүүх хуралдаанд эцэг тогтоолгох шаардлагаа татан авч байна.

 

Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн, хариуцагч Б.Энхсайхан нар 2011 онд танилцаж, хамтран амьдарсан ба хамтран амьдрах хугацаанд буюу 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр охин Энхсайханы Сувд төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 0000821316 Г-459 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд хариуцагчаар овоглодог, хариуцагч нь 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Сувдийн төрсөн эцэг мөн гэж хүлээн зөвшөөрч байна.

Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Э.Сувд эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хариуцагч хүүхдийг өөрийн асрамжинд авахаар маргаж байх боловч хүүхдийн насны онцлог, өсөж торнисон орчин зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр охин Э.Сувдад эцэг Б.Энхсайханаас тэтгэлэг гаргуулж олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр Э.Сувдыг эх Ц.Хандсүрэнгийн асрамжинд үлдээж, эцэг Б.Энхсайханаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох шаардлагаа татан авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч уг шаардлагаа татан авсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 106 дугаар зүйлийн 106.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Сувдыг эх Ц.Хандсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Э.Сувдыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Энхсайханаас гаргуулан олгосугай.

 

3. Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгт­ийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.          

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   М.БАЯСГАЛАН