Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 4563

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-5 дугаар гудамж, 132 тоотод оршин суух, Шилээдэгийнхэн овогт Хүрэлбаатарын Халиун /РД: ВМ93030300/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 114 тоотод оршин суух, Харчуул овогт Воршиловын Отгонбаяр /РД: ХИ87120877/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Халиун, хариуцагч В.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч Х.Халиун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлсэн. Гэтэл В.Отгонбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хүү болох 600 000 төгрөгийг өгсөн хэдий ч энэ өдрөөс хойш утсаа авахгүй, мөнгө өгөхгүй болсон. Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 2 000 000 төгрөг, 4 болон 5 сарын хүү 400 000 төгрөг, 60 хоногийн алданги 600 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Халиун нь хариуцагч В.Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х.Халиуны нэхэмжлэлтэй, В.Отгонбаярт холбогдох,  зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч В.Отгонбаяр нэхэмжлэлийн шаардлага 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Халиунд төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН