Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4628

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 дугаар байр, 48 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсангийн Батсайхан /РД: ТА67020719/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байранд байрлах, “Шимт-Өргөө” СӨХ-д холбогдох,

 

9 385 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийхишиг, хариуцагчийн төлөөлөгч С.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгч Л.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 3 дугаар сараас 5 сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байрны подвалыг нийт 9 385 000 төгрөгөөр засан тохижуулсан. 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Шимт-Өргөө” СӨХ-той гэрээ байгуулж уг засаж тохижуулсан подвалыг түрээслэхээр болсон. 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр миний бие хөдөө ажлаар явах болсон тул уг подвалыг өөрийн танил н.Урнаад түрээслүүлсэн. Гэтэл н.Урнаа нь надтай биш “Шимт-Өргөө” СӨХ-той түрээсийн гэрээ байгуулсан тул подвалыг засан тохижуулсан нийт 9 385 000 төгрөгийг “Шимт-Өргөө” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч “Шимт-Өргөө” СӨХ-ны төлөөлөгч С.Цэрэндолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Батсайхан нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллагатай гэрээ хийсэн ба гэрээг зөрчин өөр хүнд давхар түрээслүүлэн иргэн С.Уранчимэгээс мөнгө авсан байсан. Иймд иргэн С.Уранчимэгтэй манай байгууллага нь түр гэрээ хийж хамтран ажиллаж байна. Л.Батсайханд гэрээгээ зөрчсөн талаар удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч мэдэгдэлд хариу өгдөггүй, СӨХ-ны дарга, нягтлан бодогч нарыг удаа дараа заналхийлж, айлган сүрдүүлж, хэл амаар гутаан доромжилон дарамталдаг байсан. Цаашид эвлэрлэн зуучлуулах гэрээ хийвэл өөрийн хөрөнгөөр засвар хийсэн кампаний захиралтай гэрээ байгуулж, 32 м.кв талбайтай подволын түрээсийн гэрээг шинэчлэн төлбөрийг сарын 250 000 болгоно гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч 9 385 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас н.Урнаагийн авсан 1 000 000 төгрөг, модны мөнгө 1 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 7 385 000 төгрөгийг хариуцагч “Шимт-Өргөө” СӨХ нь сар бүрийн 25-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байхаар харилцан тохиролцов гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батсайхан нь хариуцагч “Шимт-Өргөө” СӨХ-д холбогдуулан подвалыг засан тохижуулсан зардалд 9 385 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 9 385 000 төгрөгийн 2 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 7 385 000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 250 000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.Батсайханы нэхэмжлэлтэй, “Шимт-Өргөө” СӨХ-д холбогдох, 9 385 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 9 385 000 төгрөгийн 2 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 7 385 000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 250 000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               М.БАЯСГАЛАН