Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 4644

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 10 дугаар гудамж, 02 тоотод оршин суух, Балжир овогт Гонгор-Ичинноровын Золжаргал /РД: УП88100727/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байр, 70 тоотод оршин суух, Олханууд овогт Пунцагын Эрдэнэбилэг /РД: ЧК66012808/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч П.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Золжаргал нь П.Эрдэнэбилэгтэй 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр 6 000 000 төгрөгийг П. Эрдэнэбилэгийн Хаан банкин дахь 5429118331 тоот дансанд шилжүүлж өгсөн. Зээлдэгч П.Эрдэнэбилэг нь энэхүү гэрээний дагуу 2015 оны 10, 11 дүгээр саруудын хүү болох 1 200 000 төгрөгийг хугацаандаа төлсөн боловч гэрээний үндсэн мөнгө болох 6 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй ба уг мөнгийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Иймд П.Эрдэнэбилэгээс 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний 2.1-д заасан 6 000 000 төгрөг, гэрээний 2.7-т заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх нийт 180 хоногийн алдангийн хэмжээ 6 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч П.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Г.Золжаргалаас 6 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний дагуу 2 сарын хүү төлсөн боловч үндсэн зээл 6 000 000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Иймд алданги 3 000 000 төгрөгийг төлөх боломжгүй ба үндсэн зээл 6 000 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Золжаргал нь хариуцагч П.Эрдэнэбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...алданги 3 000 000 төгрөгийг төлөх боломжгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч П.Эрдэнэбилэг нь зээлдүүлэгч Г.Золжаргалаас 6 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурж, гэрээ байгуулсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох юм.

 

Зээлийн гэрээний зүйл болох 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдож байхаас гадна  хариуцагч нь дээрх 6 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан үйл баримтаас үзвэл мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тооцохоор байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн хүүнд нийт 1 200 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацааны хүү төлөх үүргээ биелүүлсэн байна.

 

Гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусахад хариуцагч нь үндсэн зээл 6 000 000 төгрөгийг төлөөгүй нь хариуцагчийн болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчийг шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас үндсэн зээл 6 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд гэрээний 2.7-д талууд алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувь байхаар харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлийг төлөөгүй нөхцөлд гэрээний 2.7 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй юм.  

 

Гэрээний хугацаа дууссан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх үндсэн зээл 6 000 000 төгрөгийн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүрэг 6 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байхаас гадна Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги буюу гэрээний хариуцлагыг 1 500 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 6 000 000 төгрөг, алдангинд 1 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэбилэгээс 7 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Золжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөдшүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН