Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 4645

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 107 дугаар байр, 37 тоотод оршин суух, Баянбулаг овогт Цанын Жавхлан /РД: УР69051760/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12Б дугаар байр, 34 тоотод оршин суух, Зөн Билэг овогт Дамдинжавын Даваадалай /РД: АЕ85041878/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44А дугаар байр, 14 тоотод оршин суух, Төр овогт Ганбаатарын Бат-Эрдэнэ /РД: ЧГ84080416/ нарт холбогдох,

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Жавхлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагч Д.Даваадалай, Г.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч Ц.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд “Эрүүл энхийн гольдрил” ХХК-ийн 100 ширхэг хувьцааг эзэмшиж байсан Ц.Жавхлан нь хувьцаанаасаа тус бүр 33 хувь буюу 33 ширхэг хувьцаагаа нэг бүрийн үнийг 100 000 төгрөгөөр үнэлж, гэрээнд зааснаар худалдан авагч болох Д.Даваадалайд 33 хувь нийт үнэ 3 300 000 төгрөгөөр, Г.Бат-Эрдэнэд 33 хувь нийт үнэ 3 300 000 төгрөгөөр, хувьцаагаа тус тус шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хувьцааны мөнгийг төлөөгүй тул тус гэрээнээс татгалзаж байна. Компанийн тухай хуулийн 34.5, 39.4-д зааснаар хувьцааг худалдан авагч нь хувьцааны тоо үнийг төлсөн баримтыг худалдагчид шилжүүлээгүй учраас хувьцааг гаргаагүй буюу хувьцааг худалдан авсан эрх үүсээгүй гэж үзэж байна. Гэрээний 1.1, 3.3-д зааснаар хувьцаатай холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхэд, худалдан авагч нь хувьцааг хүлээн аваад төлбөрийг хийнэ гэж заасан байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухайд миний бие хариуцагч бүртэй удаа дараа уулзаж ярилцахад Г.Бат-Эрдэнэ нь хувьцааг танаас үнэгүй авсан учраас хуулийн нь дагуу таньд буцааж өгнө гэсэн. Харин Д.Даваадалай нь зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Даваадалайгаас 33 хувь буюу 33 ширхэг хувьцааг, Г.Бат-Эрдэнээс 33 хувь буюу 33 ширхэг хувьцааг тус тус гаргуулан миний нэр дээр болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Даваадалай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчтэй эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд ажил хэргийн шугамаар 2014 оны 6 дугаар сард танилцсан. Улмаар мөн оны 12 дугаар сараас хамтарч “Эрүүл энхийн гольдрол” ХХ-ийн үйл ажиллагааг сэргээх түүнд хөрөнгө оруулалт хийх замаар компанийн хувьцаа эзэмших, “Эрүүл энхийн гольдрол” ХХК-ийг эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг байнгын импортолдог, түүнийгээ энэхүү салбарт тасралтгүй нийлүүлдэг компани болгохын төлөө зорилго тавин ажиллахаар болсон. Ийнхүү дээрх төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд маргаан бүхий компанийн тусгай зөвшөөрөл нь 2012 онд цуцлагдсан байсан тул түүнийг сэргээх, энэхүү ажлыг өөрийн найз Г.Бат-Эрдэнэтэй хамтарч холбогдох тэмдэгтийн хураамж болон төлбөрүүдийг өөрсдийн санхүүжилтээр төлж сэргээсэн. Тодруулбал, Г.Бат-Эрдэнэ нь мөн компанид хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар болсон юм. Улмаар компанид хөрөнгө оруулалт хийх хувьцаа эзэмших төлөвлөгөөний дагуу хариуцагч миний бие 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “ТА глобалфинанс” ХХК-иас нийт 14 000 000 төгрөгийг зээлж, мөн өдөр компанийн хувь эзэмшигчдийн хувь болох 6 600 000 төгрөг /хариуцагч Г.Бат-Эрдэнийн хувийг оруулаад/ дээр нь нэмээд 5 400 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийт 12 000 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч Ц.Жавхланд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл энэхүү хувь эзэмшигчдийн төлбөр төлөгдсний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Компанийн хуулийн дагуу хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Мөн энэхүү гэрээний дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар энэхүү гэрээнүүд хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Иймд хувьцааны мөнгийг төлөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй хууль бус шаардлага гаргасан байна. Мөн хувьцааг худалдан авах, компанид хөрөнгө оруулалт хийхээр нийт 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байтал баримт байхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авсан мөнгийг хүлээн авсан гэх баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгч байгаа учир Компанийн тухай хуулийн 34.5, 39.4 дэх хэсэгт хамааралгүй бөгөөд учир холбогдолгүй заалтаар нотлохыг шаардсан нь мөн хууль бус байна. Түүнчлэн, маргаан бүхий гэрээний 1.1, 3.3 дах хэсгийг тайлбарлан маргажээ. Гэтэл хувьцааны төлбөр төлөгдсөн тул энэхүү гэрээний дээрх заалтууд мөн хэрэгжсэн. Түүнчлэн хөрөнгө оруулалт хийж компанийн дүрмийн санг нэмэгдүүлснээр компанийн санхүүгийн чадавхи сайжирч хамтарч ажилласны үр дүнд Улсын төв гуравдугаар эмнэлэгээс зарласан тендерт оролцож улмаар шалгарсанаар компани ашигтай ажиллаж байсан зэргийг энд дурдах нь зүйтэй. Харин нэхэмжпэлийн дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлагаас дүгнэвэл нэхэмжпэгч нь анхнаасаа “хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар” хөрөнгө оруулалт хийлгэснээ сүүлд нь татгалзъяа гэж байгаа мэт харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хууль бус шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарта: Миний бие 2014 оны 6 сард Ц.Жавхлантай өөрийн найз Д.Даваадалайгаар дамжуулан танилцсан. Бид 3 нийлж эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлдэг Ц.Жавхлангийн “Эрүүл энхийн гольдрил” ХХК-ийг ажиллуулъя гэж харилцан тохиролцсон бөгөөд компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсан тул намайг тусгай зөвшөөрөл гаргуулж өгөөд мөнгө нийлүүлж энэхүү компанийн 33 хувийн хувьцааг миний нэр дээр шилжүүлье гэж тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу би хөөцөлдөж тусгай зөвшөөрлийг гаргуулсан бөгөөд миний нэр дээр компаний 33 хувийн хувьцааг шилжүүлсэн. Компанийн дансанд байршуулах 6 000 000 төгрөгийг би тухайн үед нийлүүлж чадаагүй байсан ба энэ явдлаас өмнө Д.Даваадалайд зээлүүлсэн 5 000 000 төгрөгөөс үлдсэн 3 000 000 төгрөгийг тооцуулж үлдсэн 3 000 000            төгрөгтэй нийлээд 6 000 000 төгрөгийг Д.Даваадалай миний өмнөөс компанийн дансанд хийсэн. Компани 3 дугаар эмнэлгээс зарласан тендерт ялсан. БНХАУ-д манай компанийн Ц.Жавхлан, Д.Даваадалай нар явж тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авахаар, гэрээ хийхээр явхад би Д.Даваадалайгийн төлбөрийг гаргасан. Тусгай зөвшөөрөл хөөцөлдөхөд харилцан тэнцүү мөнгө гаргахад Д.Даваадалай надаас үлдэгдэл мөнгөө зээлж байсан. Компанид зайлшгүй хэрэг болсон принтер, хаяг, тендергийн материалийн үзүүлэнгийн хайрцаг, албан бланк, протоколийн зардлуудийг би өөрийн мөнгөөр хийж байсан. Гэтэл компани тендэрт ялж, БНХАУ-аас бараа ирж, 3 дугаар эмнэлэг болон бусад компаниудад бараа материал борлуулагдаж эхэлснээс хойш Ц.Жавхлан, Д.Даваадалай нар харилцан ойлголцохоо больсон ба үл ойлголцол бүүр даамжирсан. Би өөрийн зүгээс хувьцаа эзэмшигчийн хувьд харилцан ойлголцуулах эвлэрүүлэх алхамуудыг хэд хэдэн удаа хийсэн боловч энэ асуудал шийдэгдээгүй. Иймд миний бие өөрт ноогдох 33 хувийн хувьцааг худалдан борлуулж өөрийн оруулсан хөрөнгийг ноогдох ашгийн хамт гаргуулан авч “Эрүүл энхийн гольдрил” ХХК-иас гархад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Жавхлан нь хариуцагч Д.Даваадалай, хариуцагч Г.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг “...хамтран ажиллахаар тохиролцож хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Г.Бат-Эрдэнэ нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, нэхэмжлэгч болон хариуцагч Д.Даваадалай нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь “Эрүүл энхийн гольдрил” ХХК-ийн нийт хувьцааны 33 хувийг, нэг бүрийг 100 000 төгрөгөөр, нийт 3 300 000 төгрөгөөр хариуцагч Г.Бат-Эрдэнэд, 33 хувийг, нэг бүрийг 100 000 төгрөгөөр, нийт 3 300 000 төгрөгөөр хариуцагч Д.Даваадалайд тус тус худалдахаар тохиролцож, дээрх гэрээний үндсэн дээр “Эрүүл энхийн гольдрил” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт орж, хувьцаа эзэмшигчээр Ц.Жавхлан, Д.Даваадалай, Г.Бат-Эрдэнэ нар бүртгүүлсэн нь улсын бүртгэлийн баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч нар төлбөрийг төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хэргийн 21 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний бус, харин талууд “Эрүүл энхийн гольдрил” ХХК-д хувь эзэмших замаар хамтран ажиллахын тулд худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн “Эрүүл энхийн гольдрил” ХХК-д хөрөнгө оруулж, гишүүнээр бүртгэгдсэнийн үндсэн дээр компанийн цаашдын үйл ажиллагааг хамт хэрэгжүүлэх зорилго агуулсан байна. Уг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулсаны үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт орсон байна.

 

Иймд дээрх худалдах-худалдан авах гэрээг талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, бодитоор байгуулагдсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шинжийг агуулсан гэрээ гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний үндсэн дээр талуудад эрх, үүрэг үүсээгүй байх бөгөөд нэгэнт байгуулагдаагүй гэрээнээс талууд татгалзах боломжгүй юм.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч нь хамтран ажиллах хэлцэл болон компанийн хувь эзэмшигчтэй холбоотой асуудлаар шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Даваадалай, хариуцагч Г.Бат-Эрдэнэ нарт холбогдох, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгч Ц.Жавхлангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН