Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 4724

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12-5 тоотод байрлах, “Орхонтконстракшн” ХХК /РД: 5904005/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 23А дугаар байр, 28 тоотод оршин суух, Боржигин овогт Түвдэнгийн Өлзийхутаг /РД: ЧП37053007/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 51 дүгээр байр, 43 тоотод оршин суух, Боржигин овогт Нацагдоржийн Оюунбилэг /РД: ТЕ77040807/ нарт холбогдох,

 

12 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гомбо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагч Т.Өлзийхутагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, хариуцагч Т.Өлзийхутагын өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч Н.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Содбаяр, гэрч Б.Дашдорж, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-ийн төлөөлөгч Л.Гомбо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийи 18 дугаар хорооны нутаг дэвсэрт баригдаж буй Ард-Аюушийн өргөн чөлөө, 12/5 тоот орших “Орхонтконстранкш”’ ХХК-ийн барилгын хажууд байрлах иргэн Н.Оюунбилэгийн 9 давхар үйлчилгээний барилгын ажил явагдах явцад ажилчдын бие засах газар байгаагүйгээс манай компанийн газрыг бохирдуулж, дулааны шугам бариулахдаа манай хашааг нурааж, компанийн эд хөрөнгө байсан амбаарыг нурааж эд хөрөнгө алга болгосон. Нураасан хашааг сэргээж барих, бохирдсон хөрсийг хуулж зайлуулах талаар манай компаниас олон дахин гомдол гаргасан боловч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа өөрийгөө энэ барилгад хөрөнгө оруулагч Т.Өлзийхутаг түүнийг төлөөлөн н.Батжав гэж хүн хохиролгүй болгож өгнө гээд бараг 2 жил боллоо. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгөнд учруулсан гэм хорийг арилгах үүргийн дагуу тухай барилгын эзэн болох Н.Оюунбилэг болон Т.Өлзийхутаг нараас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д "Бусдын эд хоронгод гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг монгөөр нөхөн толно” гэж заасны дагуу хашааны үнэ 4 500 000 төгрөг, талбай бохирдуулсныг цэвэрлэх зардал 4 000 000, алга болсон эд хөрөнгө болох бундантай 4 сумтай орос троссын үнэ 450 000 төгрөг, гүний вибираторын үнэ 170 000 төгрөг, модон шат 2 ширхэг үнэ 200 000 төгрөг, ажлын ширээ 1 000 000 төгрөг буюу нийт 1 820 000 төгрөг, барилгын дээвэр гэмтээснээс үүссэн хохирол 2 200 000 төгрөг буюу ннйт 12 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Өлзийхутагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дулааны шугамын ажил нь “Орхонт” ХХК-ийн хашааны гадуур гүйцэтгэх зураг төсөл, зөвшөөрөл нь гарсан тул иргэн Т.Өлзийхутаг нь хойд барилгыг бариулагч “Өү Энд Би Эн” ХХК-тай хамтрагч “Баянтөлөв” ХХК-тай гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа “Орхонт” ХХК-ийн хашаа нурж болзошгүй гэж үзэж, нурвал сэргээн засах, улмаар захиалагч болон гуравдагч этгээдэд хохирол учруулбал төлнө гэсэн заалт оруулсан. Хашаа, түүнийг эргүүлэн барих үнийг тухайн үед манайд инженерээр ажиллаж байсан залуу материалын зардал, ажлын хөлсийн хамт ойролцоогоор 4 000 000 төгрөг хангалттай гэж тооцсон. Энэ талаар хамтрагч “Өү Энд Би Эн” ХХК-д хэлсэн, уг компанийн захирал н.Оюунбилэг нь өгнө гэдэг боловч өгөөгүй. Миний хувьд хөршийн эд хөрөнгийг сэргээн засварлах талаар санаа зовж, гүйцэтгэгч “Баянтөлөв” ХХК-тай удаа дараа холбогдож шаардахад “...манайд гагнадаг хүн байхаас шавар, мужааны хүн байхгүй. Танайхаас барилгыгн гүйцэтгэгч нараас хүн гаргаад ажпын хөлсийг нь миний хөлснөөс суутгачих.” гэсэн болно. Ингэхээр нь миний бие ажлын хөлсийг 1 500 000 төгрөгөөр тохирч, 1 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, 950 000 төгрөгийн материалаар суурь цутгаж, төмөр шон суулгасан. Надаас 1 950 000 төгрөг буюу нийт хашааны 50 хувь гарсан боловч “Өү Энд Би Эн” ХХК мөнгөө өгөөгүйгээс битонон суурин дээрх модон хашаа барих ажил зогссон. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул миний бие хашаа барих, бусдад учруулсан хохиролыг нөхөн төлөх гэрээний үүрэгтэй “Баянтөлөв” ХХК-нийг шүүхэд өгч дараах ажил гүйцэтгэх гэрээнд заасан бүр үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжпэл гаргасан. “Баянтөлөв” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч эвлэрэлийн гэрээ байгуулан улмаар эвлэрэлийг баталсан шүүхийн шийдвэр гаргасан. Иймд манай талаас хашааны үнийг “Баянтөлөв” ХХК-д ажил гүйцэтгэн төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг “Өү Энд Би Эн” ХХК төлөх ёстой. “Орхонт” ХХК-ийн хашааг бариагүй удсанаас үүссэн талбай бохирдсон, эд зүйл алга болсон, дээвэр эвдэрсэн гэх тул “Баянтөлөв” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр бусдад учруулсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй, түүнийг нь шүүхээс баталгаажуулсан тул манайд хамаарахгүй, “Баянтөлөв” ХХК-д хамаарах болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид хохирол учирсанд Н.Оюунбилэгийн буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК нь хариуцагч Т.Өлзийхутаг, Н.Оюунбилэг нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохиролд нийт 12 520 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Н.Оюунбилэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 12/5 дугаар бүхий барилгын хэсэгт баршилтай, 61 м.кв талбатай, үл хөдлөх эд хөрөнгө болон 280 м.кв талбай бүхий газар нь нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 000360656 дугаартай гэрчилгээ болон газар эзэмших эрхийн 000316814 дугаар гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгөнд учирсан хохирлыг бусдаас шаардах эрхтэй байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар Т.Өлзийхутагын нэхэмжлэлтэй, “Баянтөлөв” ХХК-д холбогдох баримт бичиг гаргуулах, модон хашааг сэргээн засварлахыг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч “Баянтөлөв” ХХК нь н.Гомбо, н.Цэдэвдорж барын бетон суурьтай модон хашааг сэргээн засварлан хуучин хэвэнд нь оруулж өгөхөөр зохигчийн эвлэрлийг баталсан байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэлээс хашааны үнийг гаргуулах шаардлагтай холбоотой хэсгийг шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК нь тухайн иргэний хэрэгт зохигчийн хувьд оролцоогүй байна. Иймд хариуцагч Т.Өлзийхутагийн “...хохирлыг “Баянтөлөв” ХХК-иас шаардах ёстой” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, дээрх шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэг болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар Т.Өлзийхутаг болон “Өү Энд Би Эн” ХХК-ийн захиалгаар “Баянтөлөв” ХХК нь газар шорооны ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 12/5 дугаар бүхий барилгын хэсэгт баршилтай 280 м.кв талбай бүхий газрын хашааг нурааж хохирол учруулсан нь нотлогдож байхаас гадна талууд хашааг нураасан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар дээрх газар шорооны ажлын захиалагч Т.Өлзийхутагаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байхаас гадна хариуцагч Т.Өлзийхутаг нь ажил гүйцэтгэгчээс бусдад учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хашааны үнэ 4 500 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ хариуцагч Т.Өлзийхутагийн шинээр барьсан хашаа нь өмнөх байдалд нь буюу чанарын шаардлага хангаагүй гэж үзэн, дахин шинээр бариулах хашааны үнэ гэж тодорхойлсон байх боловч Т.Өлзийхутагийн шинээр хийж гүйцэтгэсэн хашаа нь чанарын шаардлага буюу эд хөрөнгийн доголдолтой гэдгийг нотлох баримтаар нотлоогүй байхаас гадна хариуцагч Т.Өлзийхутагийн хийж гүйцэтгэсэн хашаа нь 2 161 300 төгрөгийн үнэтэй эсэхийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч Т.Өлзийхутаг нь нэхэмжлэгчийн хашааг өмнөх байдалд оруулах зардал болох 4 500 000 төгрөгийг баримтаар үгүйсгээгүй байна. Иймд хашааны үнэ 4 500 000 төгрөгөөс хариуцагч Т.Өлзийхутагийн хийж гүйцэтгэсэн хашааны үнэ 2 161 300 төгрөгийг хасаж, үлдэх 2 338 700 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Т.Өлзийхутаг нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох талбай бохирдуулсныг цэвэрлэх зардал 4 000 000 төгрөг, алга болсон эд хөрөнгийн үнэ нийт 1 820 000 төгрөг, барилгын дээвэр гэмтэснээс үүссэн хохирол 2 200 000 төгрөг зэрэг нь хариуцагч нарын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Н.Оюунбилэгийн буруутай үйлдэлийн улмаас нэхэмжлэгчийн хашаа эвдэж гэмтсэн, үүнийн улмаас дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгтэй авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хариуцагч Н.Оюунбилэгээс хохирол шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч Т.Өлзийхутаг буруутай этгээдээс хашааг засан сайжруулахад гарсан зардлыг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Өлзийхутагаас 2 338 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 181 300 төгрөгийг болон хариуцагч Н.Оюунбилэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Өлзийхутагаас 2 338 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 181 300 төгрөг, хариуцагч Н.Оюунбилэгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өлзийхутагаас 52 369 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               М.БАЯСГАЛАН

                                 

                    ШҮҮГЧИД                                                                 Б.АЗБАЯР

 

      Н.ХАНГАЛ