Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 267

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

           Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ хороолол 12-9 тоотод оршин суух, 1955 онд төрсөн, 61 настай, Бүргэд овгийн Цэрэнжавын Батчулууны нэхэмжлэлтэй

 “Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ хороолол 12-9 тоотод орших өвлийн орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Батчулуун, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1991 оны өмч хувьчлалаар Баянгол суманд 1986 онд баригдсан 4 айлын орон сууцнаас 70/72 м2 байрыг тухайн үеийн Баянгол сумын “Шинэ Амьдрал” нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн хурлын үнэлсэн үнэлгээ болох 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн байрыг худалдаж авснаас хойш одоог хүртэл манайх амьдарч байна. Би өөрийн эзэмшиж байгаа орон сууцаа хуульд зааснаар өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандтал миний өмч болох нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Иймд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ширээ хороолол 12-9 тоотод орших 70/72 м2 хэмжээтэй өвлийн орон сууцыг миний өмч болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

          Ц.Батчулуун нь “Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ хороолол 12-9 тоотод орших 70/72 м2 хэмжээтэй өвлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн протоколд зааснаар тус нэгдлийн өмчлөлд байсан 4 ширхэг орон сууцыг 400.000 төгрөгөөр зарахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Ц.Батчулуун худалдаж авсан болох нь гэрч Ш.Төмөрбат, С.Цэндсүрэн, С.Төмөр нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Батчулуун нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ хороолол 12-9 тоотод орших 70/72 м2 хэмжээтэй өвлийн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд нь дээрхи орон сууц нь Баянгол сумын орон нутгийн өмчид бүртгэлгүй болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/73 тоот албан бичгээр тогтоогдсон болно.

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Батчулуун нь дээрх орон сууцыг 25 жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа тул уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Ц.Батчулууныг Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ хороолол 12-9 тоотод орших 70/72 м2 хэмжээтэй өвлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.МӨНХТУЯА