Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 276

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж           

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг 8-03 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Цэнхэр овгийн Долдумын Бямбын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Бямба шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс бичилт хийгээгүйгээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул намайг Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

Д.Бямба нь “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус  шүүхэд гаргажээ.  

Д.Бямба нь Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 373 тоот лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Янгиа, Ё.Цэрэнсумъяа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Бямба “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэнхэр овгийн Долдумын Бямбыг Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА