Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 196

 

                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Долоон модны хонхор гэх газар оршин суух Буурлынхан овогт Мажигбалын Ойдовын /РД:АН56011017/ хүсэлттэй

          Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Туулант бригадын худалдааны салбарт 1976 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Авирмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч М.Ойдов шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр 1983 онд хэвлэгдсэн учир шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох болоод байна. Иймд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хэрэгт нэмж гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлт байхгүй тул шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. 

 

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Авирмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн Мажигбал овогтой Ойдов нь 1976 онд Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд  ороод 1988 онд ажлаасаа гарсан. 1976 онд ажилд орохдоо хөдөлмөрийн дэвтэргүй байж байгаад 1983 онд хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ ажилд орсон, гарсан тушаалуудыг бүгдийг бичүүлж авсан. Тэгээд 1983 оны хөдөлмөрийн дэвтэр дээр 1976 оны ажилд орсон тушаалыг бичсэн учир  зөрчилтэй гээд шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Би энэ хүний ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. Би малын эмч мэргэжилтэй. Намайг Цэцэрлэг суманд ажиллаж байхад М.Ойдовын аав нь малын бага эмч хийж байсан. М.Ойдов нь Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан. М.Ойдов нь хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэг мэдэхгүй хүн учир өнөөдөр би шүүх хуралд нь иргэдийн төлөөлөгчөөр  оролцож байна. Иймд М.Ойдовыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч М.Ойдов ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

 

  1. Мажигбалын Ойдовын хөдөлмөрийн дэвтэрт:
  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын Туулант бригадын худалдааны салбарт манаачаар томилсон 1976 оны 03 сарын 01-ний өдрийн 10 тоот тушаал,
  •  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын Туулант бригадын худалдааны салбартын манаачаар үүрэгт ажлаас чөлөөлсөн 1988 оны 12 сарын 05-ны өдрийн 40 тоот тушаал,        

          2. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1981 оны 07 сарын 11-ний өдрийн М.Ойдов танд Монгол Ардын хувьсгалын 60 жилийн ой угтсан ажилд өндөр амжилт гаргасаныг тань тэмдэглэж “Баярын бичиг”, 125 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав гэсэн баярын бичиг.

          3. Архангай аймгийн Цэцэрлэг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвлөлийн 1982 оны 10 сарын 10-ны өдрийн 15 тоот Мажигбалын Ойдов-д Социалист хөдөлмөрийн гавшайгч болохоор авсан үүргээ биелүүлж, социалист ёсоор ажиллаж, сурч, амьдрах талаар үлгэр дуураилал үзүүлсэн тул “Социалист Хөдөлмөрийн Гавшгайч” цол, тэмдэг олгов гэсэн гавшгайчийн үнэмлэх.

          4. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 12 сарын 19-ний өдрийн 40 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Туулант бригадын худалдааны салбарын сахиул Мажигбалын Ойдвыг өөрийн хүсэлтийн дагуу 1988 оны 12 сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн.

          5. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 19-ний өдрийн 28 тоот  тодорхойлолтонд: Тус архивын сан хөмрөгт Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал шилжиж ирээгүй байх тул Мажигбалын Ойдовт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно гэсэн.

 6. Гэрч Г.Дулам: Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр 1970 оноос 1991 оныг хүртэл ажилласан. М.Ойдов 1976 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж орж 1988 оныг дуустал ажиллаж байсан. Тухайн үед хамт ажиллаж болохоор ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. М.Ойдов нь ажилдаа сайн, архи дарс уудаггүй томоотой хүн байсан. Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар Батсүрэн гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг.

 7. Гэрч Б.Лхамжав: Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1958 оноос 1961 оныг хүртэл хоньчноор, 1961 оноос 1991 он хүртэл хугацаанд тус сумын худалдаа бэлтгэлийн ангид оёдолчноор ажиллаж байсан. 1976 оны 03 сард Архангай аймгийн Цэцэрлэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж орж 1988 оныг дуустал ажиллаж байсан. Тухайн үед миний аав С.Бадам нь М.Ойдовтой хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар хамт ажиллаж байсан болохоор М.Ойдовын ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. 1980-аад оны үед аав, М.Ойдов хоёр сайн ажилласан гээд радиогоор шагнуулж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч М.Ойдов нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Туулант бригадын худалдааны салбарт 1976 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан болох нь Мажигбалын Ойдовын хөдөлмөрийн дэвтэр,  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1981 оны 07 сарын 11-ний өдрийн баярын бичиг, Архангай аймгийн Цэцэрлэг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвлөлийн 1982 оны 10 сарын 10-ны өдрийн 10 тоот гавшгайчийн үнэмлэх, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 12 сарын 19-ний өдрийн 40 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 19-ний өдрийн 28 тоот тодорхойлолт, гэрч Г.Дулам, Б.Лхамжав нарын гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагч М.Ойдовын хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         

          Хүсэлт гаргагч М.Ойдовын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буурлынхан овогт Мажигбалын Ойдовын /РД:АН56011017/ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Туулант бригадын худалдааны салбарт 1976 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Ойдовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН