Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 232

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн 4-р 36-р байрны 06 тоотод оршин суух Б.Гүнсэнноровт холбогдох

96.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 05-ны  өдөр хүлээн авч хянаад

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гүнсэнноров нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2 дахь заалтыг зөрчиж “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний нэг сарын зардал болох 6000 төгрөгийг 2014 оны 06 сар төлөөгүйгээс 36.000 төгрөг, 2015 оны 10 сар төлөөгүйгээс 66.000 төгрөг нийт 96.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Гүнсэнноров нь манай нэхэмжилсэн 96.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Гүнсэнноровоос 96.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Б.Гүнсэнноров нь 96.000 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан” тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар хөнгөлж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгнөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 2280 төгрөг, хариуцагч Б.Гүнсэнноровоос 2280 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчӨрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, хариуцагч Б.Гүнсэнноровд холбогдох 96.000 /зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2280 төгрөг, Б.Гүнсэнноровоос 2280 төгрөг тус тус гаргуулж Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

 3. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН