Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 305

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хангайн  сумын Ноёнхангай багийн Хөх даваа гэх газар  оршин суух Саарал адуу овогт Гэндэнсүрэнгийн Гэрэлсайханы /РД:АЙ64050821/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Г.Гэрэлсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, байгаа хөдөлмөрийн дэвтэр нь тамга дарагдаагүйгээс ажилласан жил орохгүй байна. Иймд намайг Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Хүсэлт гаргагч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гэрэлсайхан нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчин, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт тухайн үеүүдэд ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд байгаа. Нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн. Компанид ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг дарагдаагүй ажилласан жил нь ороход хохирход хүрээд байна. Мөн архивын лавлагаанууд дээр Гэрэлсайханы нэрийг Гэрлээ, Гэрэлсайхан гэж 2 янзаар бичсэн байсан. Гэрэлсайханыг тухайнд үед Гэрэлээ гэж дууддаг байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Иймд Г.Гэрэлсайханы дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Г.Гэрэлсайханы ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Хүсэлт гаргагч Г.Гэрэлсайханы Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалан бригадын 1980 оноос 1989 оны хоорондох хугацааны цалингийн үеийн цалингийн хавтгайд: 
  • 1980 оны 02 сар, 06 сараас 08 сар, 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  • 1983 оны 07 сараас 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  • 1984 оны 01 сараас 08 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  • 1988 оны 06 сараас 07 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  • 1989 оны 06 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  1. Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 07 сарын 29-ний өдрийн 3/908 тоот  Гэндэнсүрэн овогтой Гэрэлсайханы Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан үеийн цалин хөлсний жилийн эцсийн хавтгай. 
  • 1983 онд 150 хоног 764=57
  • 1984 онд 210 хоног 1690=69
  • 1986 онд 210 хоног 1606=10
  • 1987 онд 30 хоног 33=20
  • 1989 онд 150 хоног 906=60
  • 1990 онд 180 хоног 1195=83

Гэрч Т.Гамель: Би Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбасгалан бригадад 1969 оноос 1991 оныг хүртэл хугацаанд фирмийн эрхлэгчээр ажиллаж байсан. Г.Гэрэлсайхан нь Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбасгалан бригадын Өлзийбатын үнээний фирмд 1980 оноос 1990 оны хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Г.Гэрэлсайханыг нэгдлийнхэн Гэрэлээ, Гэрэлсайхан гэж дууддаг байсан гэсэн мэдүүлэг.

Гэрч О.Нацагдорж: Би Архангай аймгийн Хангай сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт 1977 оноос тасгийн даргаар, ажиллаж байгаад 1987 оноос 1990 он хүртэл хугацаанд Банкны салбарын эрхлэгчээр  байсан. Г.Гэрэлсайхан  нь 1980 оноос 1990 оныг дуустал Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн саальчнаар ажиллаж байгаад Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д саальчнаар ажиллаж байсан. Намайг санхүүгийн тасгийн дарга байхад Г.Гэрэлсайхан нь сайн дурын даатгалд даатгуулдаг байсан. Банкны салбарын эрхлэгчээр ажилладаг байхад Хангай сумын бүх иргэд надаар үйлчлүүлдэг байсан болохоор Г.Гэрэлсайханыг ажиллаж байсан болон Г.Гэрэлсайхан, Г.Гэрэлээ гэж дуудаг байсан болохыг сайн мэдэж байна. Аав нь Гэндэнсүрэн гэдэг хүн байсан. Эднийхэн Ноёнхангай багийн Хөх даваа гэдэг газраар нутагладаг байсан. Г.Гэрэлсайханыг сумынхан Г.Гэрэлээ, Г.Гэрэлсайхан гэж дууддаг гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Г.Гэрэлсайханы Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Арбаясгалан бригадын 1980 оноос 1989 оны хоорондох хугацааны цалингийн үеийн цалингийн хавтгай, Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 07 сарын 29-ний өдрийн 3/908 тоот Гэндэнсүрэн овогтой Гэрэлсайханы Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан үеийн цалин хөлсний жилийн эцсийн хавтгай гэсэн тодорхойлолт, гэрч Т.Гамель, О.Нацагдорж нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Г.Гэрэлсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Г.Гэрэлсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Саарал адуу овогт Гэндэнсүрэнгийн Гэрэлсайханы /РД:АЙ64050821/ Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Гэрэлсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ЖАРГАЛАН