Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 347

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Б.Отгонболдын нэхэмжлэлтэй Э.Итгэлд холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Отгонболд миний бие нь 2008 онд Э.Итгэлтэй танилцан улмаар 2009 оны 01-р сарын 19-нд гэрлэлтийн №0084640 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011.04.21-нд том охин И.Энэрэл, 2013.12.22-нд бага охин И.Энхрийлэн нар маань төрсөн. Э.Итгэл бид хоёр зан харьцааны таарч тохирохгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Б.Отгонболд би нөхөртэйгээ хэрэглдсэний улмаас нөхөртөө зодуулдаг болсон. Мөн сэтгэлийн дарамтанд орсон, 2012 оны 02-р сард  таарч тохирохгүйн улмаас 3 сарын хугацаатай ээжийндээ орж салж байсан.  Энэ хугацаанд Э.Итгэл нь үргэлж ирж намайг уучлаач, дахин зовоохгүй, доромжлохгүй, гар хүрэхгүй, гэж гуйж байсан ба би өөрөө ч хүүхдээ өнчрүүлэх зовлон үзүүлэхийг хүсээгүй учраас эргэж нийлсэн. Э.Итгэл нь хүүхдүүдийнхээ дэргэд намайг элдэв үгээр доромжилж, надад гар хүрэх нь маш их хүндэрлээ. Байнга л хэрүүлтэй доромжилсон, цохисон, зодсон хүн байх боллоо. Дахиад ингэхгүй гэсэн ч би цөхрөөд байна. Хоёр хүүхэддээ аав ээж нь хэрүүлтэй тийм амьдралыг харуулахыг хүсэхгүй байна .Би хоёр охиноо аваад энэ хүнээс салаад амар тайван хүчирхийллэгүй амьдармаар байна. Иймд Э.Итгэлээс гэрлэлтийн баталгааг цуцалж, 2 охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ. 

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

 

  Б.Отгонболд миний бие 2016 оны 02-р сарын 26-нд шүүхэд “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан. 2016 оны 03-р сарын 30-ны өдөр шүүх эвлэрэх хугацаа өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гурван сарын хугацаанд Б.Отгонболд миний бие нөхөр Э.Итгэлтэй эвлэрч цаашид хамтран амьдрах болсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү.

Миний бие Э.Итгэл нь эхнэр Б.Отгонболдтой эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч                            Б.Отгонболд

Хариуцагч                               Э.Итгэл          гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Отгонболдын нэхэмжлэлтэй Э.Итгэлд холбогдох “Гэрлэлт цуцлуулж ,хүүхдийн асрамж тогтоолгох“  тухай иргэний хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан “...Гурван сарын хугацаанд Б.Отгонболд миний бие нөхөр Э.Итгэлтэй эвлэрч цаашид хамтран амьдрах болсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү, ... Миний бие Э.Итгэл нь эхнэр Б.Отгонболдтой эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү...” гэх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн  төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3,т заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар  зүйлийн 132.3-т зааснаар Б.Отгонболдын нэхэмжлэлтэй Э.Итгэлд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох“-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчидын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн энэхүү захирамжинд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА