Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/0067

 

“С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч   М.Батсуурь

Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

Шүүгчид:                 Х.Батсүрэн

                                П.Соёл-Эрдэнэ         

Илтгэгч шүүгч:       Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0290 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Б.Б нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 339 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

            1. С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “С т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Хэргийн нөхцөл байдал:

            2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсанд нэхэмжлэгч “С т” ХХК-ийн Баянхонгор аймгийн Баянговь сумын “Б” гэх талбайн **-****** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл багтжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

            3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0290 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн “С т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

            4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн “С т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “С т” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

            5. Хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

            5.1. “... магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага болон хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.

            5.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тухайн тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн 0.3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг. Гэтэл “С т” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаартай албан бичгээр УУККСистед /CMCS/-д бүртгэлтэй албан ёсны хаягаар цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь баримтаар тогтоогдож байдаг.

            5.3. Гэтэл төрийн захиргааны байгууллагыг мэдэгдэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж дүгнэсэн хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүйг анхаарч дүгнэлт өгөөгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

            5.4. Нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг төлөөлөгч иргэн Ш.М зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх эрх бүхий ганцхан этгээд байсан, хаягийн өөрчлөлтийг мөн бүртгүүлэх боломжгүй байсан гэх нэхэмжлэгч талын тайлбараар хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлэх нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүрийн үүрэг. Гэтэл хуулиар тусгайлан хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөн тайлбарлаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            5.5. Мөн Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах талаар тухайлсан зохицуулалтыг хуульчилж өгөөгүйг анхаарах нь зүйтэй байна.

            5.6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

7. Нэхэмжлэгч “С т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 795 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Баянговь сумын Б нэртэй газарт 712.58 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын **-****** дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан байна.

8. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8/4810 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан тухай нэхэмжлэгч “С т” ХХК-д мэдэгджээ.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С т” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 4 дэх жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг болон Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдсэн боловч “Заасан хаягт эзэнгүй, мэдэгдэл үлдээгээд хариу өгөөгүй” гэсэн шалтгаанаар буцаагдсан байна.

10. Нэхэмжлэгчээс “тус компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, дсш-18-3 тоотод үйл ажиллагаа явуулдаг байсан. Тус хаяг дахин төлөвлөлтөд орж байгаа тул байрны өмчлөгч Г.Д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө “С т” ХХК-ийг чөлөөлж өгөхийг шаардсан. “С т” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах 28/4 тоот оффисыг түрээслэхээр “Т т” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аж ахуйн нэгжийн хаягт өөрчлөлт орсон талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэдээлэл өгөх гэсэн боловч тус компанийн гүйцэтгэх захирал Ш.М-н биеийн байдал хүнд байсан учир мэдэгдэж амжаагүй” гэж маргажээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан аль хугацаанд өгөх ёстой талаар дүгнэлт өгөх

-Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш” гэдгийг хэрхэн тооцох зэрэг байна.

11. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

12. Үүнээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх бөгөөд уг хугацаанд төлөөгүй тохиолдолд 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө алдангийн хамт, хугацаа хэтрүүлэн төлөх боломжтой байсан боловч төлөөгүй байна.

13. Мөн хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч, хаягтаа байхгүй шалтгаанаар буцаагдсан тул хариуцагчийг хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

14. Нөгөө талаар, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагчийн мэдэгдлийг хүлээн авснаар нэхэмжлэгчид төлбөр үүргээ биелүүлэх үндэслэл үүсэхгүй, харин төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасны дагуу төлсөн талаар нотлох, хариуцагч уг нотлох баримтыг хянаж, мэдэгдлийг хүчингүй болгох, эсхүл тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргахаар байна.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх агуулгагүй талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 167 дугаар[1], 2020 оны 290 дүгээр[2], 2022 оны 38 дугаар[3] тогтоолуудаар тайлбарлаж байжээ.

16. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж зааснаар нэхэмжлэгч “С т” ХХК буюу хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан энэ тохиолдолд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

17. Өөрөөр хэлбэл, хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

18. Гэтэл давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг Улсын дээд шүүхийн тогтоолуудаас зөрүүтэй тайлбарлаж, нэхэмжлэлийг хангасан байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                   Х.БАТСҮРЭН

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

   Ц.ЦОГТ

 

[1] “Т” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 128/2018/0793/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2019/0167

[2] “К-А” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, 128/2019/0648/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/0290

[3] “А” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 128/2021/0128/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2022/0038