Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 234

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 сарын 21                             Дугаар 234                                        Баруун-Урт

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2-р баг, “Холбоо” гэх газар нутаглах Шарнууд овогт Ваанчигийн Оюунгэрэлийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1959 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. 1981-1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би бол Оюунгэрэл нэртэй. Намайг хүмүүс Оюун гэж дууддаг. Миний хөдөлмөрийн дэвтэр Ваанчигийн Оюун нэртэй байгаагаас болж тэтгэвэрээ бүрэн гүйцэд тогтоолгож чадаагүй, хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орчихоод байгаа. Иймд Ваанчиг овогтой Оюун нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ваанчиг овогтой Оюунгэрэл мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1987 оны 06-р сарын 10-ны өдөр нээсэн Ваанчиг овогтой Оюун нэртэй 1981 оны 01-р сарын 01-ээс 1990 оныг дуусталх өдрийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ваанчиг овогтой Оюунгэрэл мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Ваанчиг овогтой Оюунгэрэл нэртэй иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Ц.Цэвэлмаагийн шүүхэд өгсөн: “Ваанчиг овогтой Оюунгэрэл нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн юм. Түүний аав нь Ваанчиг гэдэг хүн байсан. Ээжийг нь Жигжидмаа гэдэг хүн одоо ч Дарьганга суманд амьдардаг юм. Би 1969 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн хүн эмнэлгийн техникумыг эх баригч бага эмчээр төгсөөд Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу хуваарилагдан ирж ажиллаж байлаа. Намайг бага эмчээр ажиллаж байхад Оюунгэрэл нь эмнэлэгт ирж төрдөг, би хүүхдүүдийг нь эх барьж авч байсан болохоор сайн мэднэ. В.Оюунгэрэл нь 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хоёр ихэр хүүхэд ч бий. Эмнэлэг дээр байгаа жирэмсний карт болон бусад бичиг баримт нь Оюунгэрэл нэртэй л явдаг. Тухайн үед эх барьсан хүнээс нь нэр авна гэдэг байлаа. Оюунгэрэлийн дүүг гаргах гээд ээж нь ирж амаржаад эх барьж авсан хүнээсээ нэр авна гэхэд нь би эгч нь Оюунгэрэл нэртэй юм чинь дүүд нь Оюунтуяа гэдэг нэр өгье гэж Оюунтуяа гэдэг нэр өгч байснаа санаж байна. Оюуны албан ёсных нь нэр бол Оюунгэрэл гэдгийг би сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч С.Уранчимэгийн шүүхэд өгсөн:  Би Ваанчиг овогтой Оюунгэрэлтэй Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд нэг ангид суралцаж байсан. Оюунгэрэл бид хоёр 8-р анги төгсөөд би 9-р ангид хуваарилагдаад Сүхбаатар аймагт ирж суралцсан. Оюунгэрэл нь 8-р анги төгсөөд л хөдөө мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гарч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд хонин суурьтай байсан. Нутгийн зон олон анги хамт олондоо нэршсэн нэр нь бол Оюун нэртэй. Өөрийнх нь жинхэнэ нэр нь Оюунгэрэл гэдэг юм. Аав, ээж, ах, дүү, анги хамт олон түүнийг дуудахдаа Оюун гэж дуудсаар байгаад Оюун нэрээрээ нэршсэн юм билээ. Бид хоёр сургуульд байхаасаа их найзалдаг. Одоо ч найз нөхөд хэвээрээ. Оюунгэрэл аймгийн төвд ирэхээрээ манайд ирдэг юм. Оюуны албан ёсных нь нэр бол Оюунгэрэл гэдгийг би сайн мэднэ. Оюунгэрэл нь доод талдаа 4 дүүтэй. /Жаргалсайхан, Моонон, Оюунтуяа, Энхжаргал/. Оюунгэрэлийн аавыг нь Ваанчиг, ээжийг нь Жигжидмаа гэдэг юм” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд 1987 оны 06-р сарын 10-ны өдөр нээсэн Ваанчиг овогтой Оюун нэртэй 1981 оны 01-р сарын 01-ээс 1990 оныг дуусталх өдрийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ваанчиг овогтой Оюунгэрэл мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч В.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1987 оны 06-р сарын 10-ны өдөр нээсэн Ваанчиг овогтой Оюун нэртэй 1981 оны 01-р сарын 01-ээс 1990 оныг дуусталх өдрийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ваанчиг овогтой Оюунгэрэл мөн болохыг тогтоосугай.

 

2.Монгол улсын  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА