Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2022/0208/З |
Дугаар | 001/ХТ2022/0077 |
Огноо | 2022-11-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/0077
Н.А-н гомдолтой,
Татварын ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0294 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 317 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч Н.А-с Татварын ерөнхий газарт холбогдуулан “мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 албан тоотыг хүчингүй болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А-н хүсэлтийг шийдвэрийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэргийн нөхцөл байдал:
2. Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр Н.А-д “таны гомдолд дурдсан асуудлаар өмнө нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгчээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0294 дүгээр шийдвэрээр: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А-н хүсэлтийг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэжээ
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...14.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэсний дараа “гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж” гэж нэмж, “... 09/42 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож” гэсний дараа “хүчингүй болгож,” гэж нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-с шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
5.1. Иргэн Н.А нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.8 дахь хэсэгт заасны дагуу “О” ХХК-ийн 2011-2020 он хүртэлх 10 жилийн хугацааны улс болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн талаарх мэдээллийг гаргуулахаар Татварын ерөнхий газарт 2021 оны 5, 11 дүгээр сард хүсэлт гаргасан.
5.2. Татварын ерөнхий газар Н.А-н дээрх хүсэлтийг судлан үзэж, Татварын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 тоот албан бичгээр, мөн 11 дүгээр сард гаргасан хүсэлтэд уг асуудлыг урьд нь шийдвэрлэж, хариу өгсөн тул дахин хянах боломжгүй гэх хариуг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгээр хүргүүлсэн.
5.3. Дээрх үйл баримтаас үзвэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааны талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулиас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.
5.4. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан дээд шатны байгууллага болон гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй тул мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд мөн хуулийн 14.3-т зааснаар 30 хоногийн дотор шууд шүүхэд хандах зохицуулалттай боловч уг асуудлаар шүүхэд хандаагүй бөгөөд нэхэмжлэл гаргах хугацааг алдсан гэж үзэх үндэслэлтэй.
5.5. Татварын ерөнхий газар нь иргэн Н.А-н хүсэлтийг судлаад 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 тоот албан бичгээр албан ёсоор бичгээр хариуг хүргүүлсэн байтал дахин уг асуудлаар 2021 оны 11 дүгээр сард хүсэлт гаргасныг судлаад шүүхэд хандах хугацаа авах зорилгоор дахин хандсан гэж үзэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар хариу өгсөн. Энэ нь хүсэлтээ дахин тодруулж гаргасан, татварын алба дахин татгалзсан хариу өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх “... өмнөх үндэслэлээрээ дахин татгалзаж буйгаа илэрхийлсэн байх тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 тоот бичгээр хариу өгснөөс хойш хугацаагаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлах боломжгүй” гэж, давж заалдах шатны шүүх “... хүсэлтээ тодруулж дахин гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 албан бичгийг хүлээн аваад шүүхэд хандсаныг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй талаар зөв дүгнэсэн” гэх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгийг маргааны үйл баримтад зөрүүтэй хэрэглэж, хуулиар тогтоосон хугацааг хэт өргөн хүрээнд, нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна.
5.6. Татварын ерөнхий газар Н.А-н “О” ХХК-ийн татварын тайлан гаргуулах хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 тоот албан бичгээр өгөхөөс татгалзаж шийдвэрлэсэн.
5.7. Харин 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгээр уг асуудлыг урьд нь шийдвэрлэсэн тул дахин хянах боломжгүй гэх хариуг хүргүүлсэн.
5.8. Гэтэл анхан шатны шүүх “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “О” ХХК-ийн төлсөн татварын талаарх мэдээллийг авах Н.А-н хүсэлтийг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
5.9. Өөрөөр хэлбэл, Н.А-н хүсэлтийг татварын алба дахин хянаад шийдвэрлэ, эсхүл “О” ХХК-ийн татварын тайланг түүнд гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн гэж ойлгох нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
5.10. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичиг нь ямар ч эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул түүнийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид эрх сэргэх буюу хамгаалагдах нөлөөлөл үзүүлэхгүй буюу нэхэмжлэгч шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсч буй үр дүнд хүрэх боломжгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй.
5.11. Гагцхүү Татварын ерөнхий газар болон иргэн Н.А нарын хооронд эрх ашгийн зөрчил үүсгэж буй мэдээлэл өгөхөөс татгалзсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 тоот албан бичиг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулах, “О” ХХК-ийн татвар төлөлтийн мэдээллийг гаргаж өгөхийг Татварын ерөнхий газрын даргад даалгах гэж тодорхойлсон тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд хандаж, шийдвэрлүүлэхийг хүсч буй үр дүнд хүрэх боломжит шаардлага байж болох боловч нэхэмжлэгч энэ төрлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.
5.12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний зорилго, шүүхээр шийдвэрлүүлэхийн ач холбогдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.
5.13. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад нарийвчлан зохицуулсан хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.
5.14. Энэхүү маргааны үйл баримтын хувьд иргэн Н.А Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл гаргуулахаар хүсэлт гаргаж байгаа боловч татвар төлөгчийн мэдээллийг гаргах харилцаа нь Татварын ерөнхий хуулиар (13 дугаар зүйл) нарийвчлан зохицуулсан болохыг шүүхүүд анхаарсангүй.
5.15. Өөрөөр хэлбэл, татварын алба татвар төлөгчийн мэдээлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль буюу Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т татвар төлөгчийн мэдээллийг ямар тохиолдолд, ямар субъектэд гаргаж өгч болохыг тодорхойлон зааж, бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хориглож, нууцлалыг хадгалах, задруулахгүй байх үүрэг хүлээсэн.
5.16. Дээрх нарийвчлан зохицуулсан хуулиар зөвхөн татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулахаас бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон зохицуулалт үйлчлэх ёстой.
5.17. Гэтэл шүүх Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан нууцад хамаарахгүй нээлттэй мэдээлэл учраас мэдээллийг өгөх ёстой гэж хэт өрөөсгөл дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.18. Учир нь нэхэмжлэгчийн татварын албанаас гаргуулахыг хүсч буй “О” ХХК-ийн улс, орон нутгийн төсөвт төлсөн татварын 10 жилийн мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үйл ажиллагааны ил тод байх мэдээллийн ангилалд хамаарахгүй. Хамаарсан байлаа ч тухайн татвар төлөгчийн мэдээллийг өгч болохгүй гэж хуульд өөрөөр заасан. /Татварын ерөнхий хуулийн 13.1, 13.2/
5.19. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой харилцаа байх бөгөөд энэхүү зохицуулалтаар татварын албыг тухайн татвар төлөгчийн мэдээллийг ил тод байлгах үүргийг бий болгоогүй тул энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй.
5.20. Түүнчлэн, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д мэдээллийн ил тод байдал нь 6.1.1-6.1.4-д заасан 4 төрөлтэй байхаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хуульд өөрөөр заагаагүй бол байгууллага үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр 7.1.1-7.1.10-д заасан мэдээллийг ил тод байлгахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл авах эрх мөн дээрх хүрээгээр хязгаарлагдах учиртай.
5.21. Дээрх харилцаа нь төрийн захиргааны байгууллагын өдөр тутмын буюу үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, тэдгээртэй холбоотой иргэн, хуулийн этгээд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй холбоотой болохоос татварын алба татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын мэдээллийг ил тод байлгах, тухайн мэдээллийг хэн дуртай нь авах эрхийн тухай асуудал биш болохыг, хуулиар ялгамжтай харилцаа зохицуулсан болохыг шүүх анхаарсангүй.
5.22. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн мэдээллийг татварын албанаас гаргуулахаар шаардах, ийм боломжтой нөхцөл байдал бий болгох буруу жишгийг тогтоох гэж байна.
5.23. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0294 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
7. Татварын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар татварын алба нь татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулахаас бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон” гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
8. Үүний дараа Н.А-с Татварын ерөнхий газарт хандан дахин Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэн мэдээлэл авах хүсэлт гаргажээ.
9. Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр Н.А-д “таны гомдолд дурдсан асуудлаар өмнө нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн байна.
10. Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Татварын ерөнхий хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн аль нь нарийвчилсан зохицуулалттай хууль болох тухай,
-Иргэний гаргуулан авахыг хүссэн мэдээлэл нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Татвар төлөгч зөвшөөрсөн, эсхүл хууль болон сонгон шалгаруулалтын шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, дугаар, төлсөн татварын мэдээлэл, статистикийн зорилгоор татварын албанд нэгтгэсэн нэгдсэн тайлан, мэдээ энэ хуулийн 13.1-д хамаарахгүй” гэж заасан задруулахыг хориглоогүй мэдээлэлд хамаарч байгаа эсэх,
-Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтэд мэдээлэх үүрэгтэй мэдээллийг төрийн байгууллагаас гаргуулахаар шаардах эрхтэй эсэх зэрэг байна.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...” шийдвэрийг шүүх гаргахаар заасан.
12. Татварын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр мэдээлэл өгөхөөс татгалзсаны дараа гомдол гаргагчаас Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудад заасныг үндэслэл болгон дахин хүсэлт гаргасныг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр “дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль бус захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байна.
13. Учир нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай[1] хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй”, 11.1.1-д “тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл” гэж заажээ.
14. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн үйл ажиллагааны ил тод байдлаас гадна төрийн үйл ажиллагааны үр дүнд бүрдсэн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг ил тод байлгахаар зохицуулсан. Хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад татвар төлөлттэй холбоотой татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эзэмшилд байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээд авах эрхтэй, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өгөх үүрэгтэй байна.
15. Гомдол гаргагчаас Татварын ерөнхий газарт хандан гаргасан хүсэлттэй холбоотой суурь харилцаа нь татвар төлөх, ногдуулахтай холбоотой харилцаа биш, мэдээлэл гаргуулан авахтай холбоотой харилцаа учир Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нарийвчилсан зохицуулалттай хууль байна.
16. “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан татварын байгууллагын мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан үйл ажиллагаатай холбоотой, хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээлэл гэдэгт хамаарч байна.
17. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д татварын алба уг хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Татвар төлөгч зөвшөөрсөн, эсхүл хууль болон сонгон шалгаруулалтын шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, дугаар, төлсөн татварын мэдээлэл, статистикийн зорилгоор татварын албанд нэгтгэсэн нэгдсэн мэдээ тайлан, мэдээ энэ хуулийн 13.1-д хамаарахгүй” гэж заажээ.
18. Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэвэл, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ гэдэгт Татварын ерөнхий газарт байгаа “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын хэмжээ, төлсөн он зэрэгтэй холбоотой мэдээ хамаарч байна. Харин энэ мэдээлэл нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар татварын албаны задруулахыг хориглосон мэдээлэлд хамаарахгүй. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар татварын байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой “хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй” мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байна.
19. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татварын талаарх мэдээллийг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэхээр заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татварын талаарх мэдээлэл нь Ашигт малтмалын тухай хуулийн уг зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө олон нийтэд мэдээлэх мэдээ байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр нийтэд мэдээлэхээр үүрэг болгосон байдал уг мэдээллийг хуульд зааснаар эзэмшиж буй төрийн байгууллагаас шаардан авах иргэний эрхийг хязгаарлаагүй байна.
20. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн татварын байгууллагаас авахыг хүссэн мэдээлэл нь хуульд нийтэд мэдээлэхээр заасан, тухайн байгууллагын эзэмшилд байгаа, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад цуглуулсан иргэн, хуулийн этгээдэд гарган өгөх үүрэгтэй мэдээлэл байна.
21. Тиймээс мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсан уг шийдвэр нь хууль бус, нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
[1] Энэ хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс /2022 оны 05 дугаар сарын 01/ эхлэн хүчин болсонд тооцсон.