Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянсуудлын 1-22 оршин суух Дайртан овогт Базарын Дарьсүрэн /РД: ИЦ59082409/-оос гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нар оролцов.  

                  

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Б.Дарьсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат хүн. Би 1977 онд 10-р ангиа төгсөөд 1979 оны 01-р сарын 01-нээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын НААҮ-ний оёдлын тасагг оёдолчиноор ажилд орсон.Ингээд тасралтгүй 1991 он хүртэл ажиллаад тухайн үедээ НААҮ-нд өөрчлөлт орж зохион байгуулалттайгаар Завхан аймгийн Булнай суманд шилжин ажиллах болсон тул 1991 оны 2-р сарын 28-наас Булнай сумын НААҮ-нд оёдолчноор үргэлжүүлэн ажилласан 1991 онд хувьчлал явагдаж мөн Булнай сумын НААҮ нь Оргил хоршоо болсон тул Оргил хоршоонд 1991-12-30-наас 1992-12-10-н хүртэл ажилласан. Гэтэл дахин Оргил хоршоо нь тарж, биднийг ажпаас чөлөөлсөн. Ингээд би ажилгүй хэсэг байж байгаад Булнай сумандаа Зүсэлт ББХК-д сахиулаар 1993-01-01 -нээс ажилд орж 1994 оны 10-р сарын 01-н хүртэл эжилласан. Одоо тэтгэврээ тогтоолгосон чинь миний ажилласан жил хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдсэн боловч зарим он сарын буруу бичсэн байсныг би анзааргүйгээс улсад ажилласан 14 жил 09 сар маань дутаж  би хохироод байна. Нийгмийн даатгалаас намайг буруу бичсэн оныхоо тушаалыг авчир гэсэн боловч би Завхан аймаг явж зөндөө хөөцөлдсөн гэтэл аймгийн архивт бичиг баримт байхгүй гэж гарсан. Тухайн үед манай НААҮ-ний боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэрт он сарын буруу бичсэн юм байна. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдын мэдүүлгийг үндэслэн Завхан аймгийн Тосонцэнгэл болон Булнай сумын НААҮ-нд 1979 оны 01-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 10-н хүртэл оёдолчиноор,1993 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 10-р сарын 01-н хүртэлх Зүсэлт ББХК-д сахиулаар ажилласан 14 жил 09 сарыг сэргээн тогтоож өгнө үү.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Б.Дарсүрэн нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1992 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум болон Булнай сумын Нийтийн ахуй үйлчилгээний ангид оёдолчноор, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Завхан аймгийн Булнай сумын Зүсэлт ББХК-д сахиулаар ажиллаж байсан хугацаа сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд  2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/811 тоот Завхан аймгийн Архивын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 1984 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шагнагдсан баярын бичиг, 

Гэрч Ж.Цэвэлмаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Бид 1979 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчингоор хамт ажилд орж ажиллсан. 1991 он хүртэл тасаралтгүй Нийтийн ахуй үйлчилгээнд ажиллаж байгаад НААҮ тарж бутрах үеэр ажилгүй болж. Би 1992 онд Зүүнхараад шилжиж ирсэн. 1991 он гарцгаагаад нээх удалгүй ажилгүй болж өөр компани болж хугаагдан ажиллах болсон гэх мэдүүлэг

Гэрч Т.Тэгшжаргалын мэдүүлэг: Би 1986 онд сургуулиа төгсөөд Завхан аймгийн Булай суманд багшаар ажиллаж байгаад 1987 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор орж оёдолчин хийж байгаад 1996 онд Зүүнхарааруу шилжиж ирсэн.  Би бэргэнтэй 1987 оноос НААҮ-д хамт ажиллаж байсан бөгөөд яг 1991 он хүртэл ажилласан. Хэсэг хугацаанд бид НААҮ оёдолчин хийж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагч Б.Дарьсүрэн нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс,  1992 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум болон Булнай сумын Нийтийн ахуй үйлчилгээний ангид оёдолчноор,1993 оны 01дүгээр  сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  хүртэл,Завхан аймгийн Булнай сумын  Зүсэлт ББХК-д сахиулаар ажиллаж байсан байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон  хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б.Дарьсүрэнгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Дайртан овогт Базарын Дарьсүрэн нь 1979 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс, 1992 оны 12-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум болон Булнай сумын Нийтийн ахуй үйлчилгээний ангид оёдолчноор, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Завхан аймгийн Булнай сумын Зүсэлт ББХК-д сахиулаар ажиллаж байсан хугацааг тус тус сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Б.Дарьсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    

 

ДАРГАЛАГЧ                                       Б.АЛТАНЦЭЦЭГ