Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 295

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 05                             Дугаар 295                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Ногоон-Төгөл хотхоны 4-1-1 тоотод  оршин суух, эрхэлсэн ажилгүй, Хоньчид овогт Баатарчулууны Оюунтуяагийн  нэхэмжлэлтэй, 

 

хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байранд  холбогдох ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016.06.27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунтуяа, хариуцагч “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрыг төлөөлж захирал Ж.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын анхны сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2015.03.31-ний өдөр гарсан. Энэ тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сануулах арга хэмжээ авсан. Гэхдээ энд ямар үүрэг даалгавар өгөөд, түүнийг нь биелүүлээгүй талаар тодорхой заагаагүй. Түвшинжаргал захирал намайг байнга ажлын байраар дарамталдаг. Энэ талаар хүний эрхийн хороонд хандаж байсан. Байнгын ажлын байрыг хугацаагүй байгуулдаг юм байна лээ. Би хууль эрх зүйн мэдлэггүй учраас анх гэрээ байгуулж байхдаа энэ талаар мэдээгүй байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Би ийм л юм байх гэж бодоод ажилд орж байгаадаа баярлаад гарын үсэг зурсан. Тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээ байсан гэж үзэж байна. 2 дахь сахилгын шийтгэл ногдуулсан 2015.12.07-нд гаргасан тушаалдаа “хөдөлмөрийн гэрээг цуцалж, сунгаж, сахилгын шийтгэл ногдуулах” гэдэг нь логикийн алдаатай, хууль бус тушаал байсан. “гэрээг цуцалж” гэсэн учраас би ажилгүй болсон гэсэн үг. Чөлөөлөгдсөн хүний гэрээг сунгах, сахилгын шийтгэл ногдуулах асуудал байхгүй. Тэгээд 6 сараар сунгасан байдаг. Энэ тухайгаа надад 12 дугаар сард багтааж хэлээгүй. Би энэ талаар тушаал гарснаас хойш гомдол гаргах 30 хоногийн хугацаа дууссаны дараа мэдсэн. 12 дугаар сард миний цалин бүтэн буусан боловч 1, 2, 3 дугаар саруудад 20 хувь суутгуулж, цалин дутуу буусан. 6 сараар сунгасан хөдөлмөрийн гэрээнд би гарын үсэг зураагүй. Би ийм тушаал гарсныг мэдээгүй. Мэдсэн бол би Шүүх болон Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандах байсан. Би 01 дүгээр сарын 25-нд цалингаа авахад миний цалин буурсан байсан учраас би энэ талаар мэдсэн. Би ямар зөрчил гаргаад надад сахилгын шийтгэл ногдуулаад байгааг ойлгохгүй байгаа. Манай байгууллагад 03 дугаар сард аудитын шалгалт орсон. Оюунтуяа хөдөлмөрийн гэрээг сунгаагүй явж байгаа. Хөдөлмөрийн гэрээг сунгаагүй тохиолдолд төлбөрийн акт тавигддаг юм байна. Би өөртөө төлбөрийн акт тавиулахгүй, чи гарын үсэг зур гэхээр нь би зурахгүй гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу 04 дүгээр сард явах гэтэл гарын үсэг зурахгүй бол цалин өгөхгүй гэсэн. Гэтэл манай Долгор гэж багш миний дүү захирал руу орж хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зур, тэгэхгүй бол чамд төлбөрийн акт тавигдана гэсэн. Тэгээд би хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зурахаар ороход  хэл ам хийхгүй бол чамайг 2016 оны 06 дугаар сарын 06-аас дотуур байрын багшаар авна гэсэн. Би хэл ам хийгээд яах вэ гэж бодоод, итгээд гарын үсэг зурсан. 

Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байсан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 06 дугаар сарын 06-нд халагдах тушаал гарч 2016.06.09-ний дотор ажил хүлээлцэхийг үүрэг болгосны дагуу өнөөдрийг хүртэл буюу 08 дугаар сарын 05 хүртэл ажилгүй байгаа 2 сарын цалингаа нэхэмжилж байна. Надад амралтын мөнгө бодогдсон гэдэг мөртлөө одоо болтол олгоогүй, тооцоо шаарддаг, тэр тооцоо нь захирал хүүхдүүдээс интернетийн мөнгө 7000 төгрөг хураа гэсний дагуу хурааж өгсөн. Хураасан баримтаа гаргаж өгчихөөд байхад таарахгүй байна гэх мэтээр шалтаг хэлээд өгөхгүй байгаа учраас шүүхээр цалингаа нэхэмжилнэ гэв. 

 

Хариуцагч “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрыг төлөөлж захирал Ж.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр өгсөн нэхэмжлэлтэй танилцсан. Эхлээд үүнд хариу өгье. Хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулаад энэ хугацаа дууссан. Хөдөлмөрийн гэрээг сүүлд хүчээр хийсэн гэж хэлж байна. Оюунтуяа 2016.04.20-нд миний өрөөнд хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж байна. Оюунтуяа надтай 2015 оны 03 дугаар сарын 14-15 хооронд үдийн хойно гэрээ хийе гэж өөрөө орж ирсэн. Хөдөлмөрийн гэрээний хувийг өөрт нь шууд өгсөн. Оюунтуяа манай өрөөнөөс авч гараад өөрийнхөө өрөөнд бичээд орж ирсэн. Тэгээд он, сарыг нь хэдэнд гэж тавих вэ? гэхээр нь би өөрөө мэд гэхэд 2015.12.07 гэж бичсэн. Би өөрийнх нь хажууд гарын үсэг зурж, тамга дарсан. 2015 оны 03 дугаар сарын 15-нд манай байгууллага шинэ ня-бо авсан учраас би он сарыг нь сайн санаж байна. Хөдөлмөрийн гэрээ хийсний дараа багшаар ажиллуулна гэсэн учраас гарын үсэг зурсан гэдэг нь худлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн  21.7-т хөдөлмөрийн гэрээ нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байгаа. Тиймээс энэ хөдөлмөрийн гэрээ нь бичгээр хийсэн хүчин төгөлдөр гэрээ. Оюунтуяа энэ гэрээнд гарын үсгээ зурсан. Мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Мэдэгдэх хуудсан дээр өөрөө гарын үсэг зурсан байгаа. Сахилгын шийтгэлийн хувьд гомдол гаргах хугацаа хангалттай байсан. Оюунтуяад 2015.03.31-нд сахилгын шийтгэл ногдуулсан.  2015.12.17-ны өдрийн ажилчдын цуглаан дээр 2 дахь сахилгын шийтгэлийг танилцуулсан. Хүмүүс орж ирж байхад Оюунтуяа цагдаа руу явах ажилтай гээд гарах гэхэд нь чи байж бай, тушаал уншиж танилцуулна гэхэд гараад явсан. Би хурлын тэмдэглэлд энэ талаар тусгуулсан. Тиймээс мэдээгүй гэсэн шалтгаан байхгүй. 

 

Ажилгүй байсан хугацааны цалингийн асуудал ярьж байна. Манай бүх ажилчид 06 дугаар сарын 10-нд амраад 08 дугаар сарын 03-нд ажилдаа орсон. Оюунтуяад 06 дугаар сарын 06-нд ажлаас халагдсан учраас ажиллаж байсан хугацааны цалин өгсөн. Хичээлийн жилийг дуустал ажилласан учраас амралтын мөнгө олгох тушаал гарсан. Ажлаа хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудсаа зураагүй байгаа учраас өөрийнх нь гар дээр мөнгө нь очоогүй байгаа. Түүнээс бол энэ хугацааны мөнгө нь бодогдсон байгаа гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь Сүхбаатар аймгийн “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан 2015.06.08-ны өдрөөс 2015.08.05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч миний ажлын байр бол байнгын ажлын байр тул анхнаасаа хугацаатай гэрээ байгуулахгүй байсан байна лээ. Би мэдэхгүйгээсээ болоод 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл захирал миний хөдөлмөрийн гэрээг миний хүсэл сонирхол оролцоогүйгээр, өөрөө 2015.12.07-ны өдөр өөрийн санаачлагаар миний 2 жилийн хугацаатай гэрээг тушаалаар цуцалж, 6 сарын хугацаагаар сунгаж, надад 3 сарын хугацаатай цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаал нь логикийн хувьд алдаатай гарсан тушаал. Би тэр тушаалыг нь 1 сарын цалин авахдаа мэдсэн тул гомдол гаргах боломжгүй болж, цалингаа 20 хувиар суутгуулсан. 6 сарын хугацаагаар сунгасан гэрээн дээр би 2016 оны 4 сард арга буюу гарын үсгээ зурсан. Арга хэмжээ авсан тушаалууд ч хууль бусаар гарч байсан тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрыг төлөөлж захирал Ж.Түвшинжаргал өөртэй нь тохиролцож өөрөө гарын үсгээ зурж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн, энэ хүнийг ажлаас халаагүй гэж маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2016.06.06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар ажлаас буруу халсан гэх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

Б.Оюунтуяа нь Баруун-Урт сумын “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны нийгмийн ажилтнаар 2014.12.31-ний өдрийн № 03 тоот “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын тушаалаар томилогдон ажиллаж байсан нь зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хх-ийн 22-23х нотлогдсон, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд хөдөлмөрийн гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй, ажил олгогч, ажилтны хооронд үүссэн харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар байна. 

 

Ажил олгогч “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, дотуур байрны захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 тоот “ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар тогтоогдож байна.

 

Ажил олгогч нь ажлаас чөлөөлөх № Б/02 дугаар тушаалдаа: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон...”,

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “…ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэсэн үндэслэлүүдээр  Б. Оюунтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болох бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно. 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т зааснаар ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг “байнгын ажлын байр” гэнэ гэжээ.

 

Хариуцагч нь Б.Оюунтуяагийн ажлын байрыг байнгын ажлын байр болохыг нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь хүлээн зөвшөөрч мэдүүлж, энэ талаар маргахгүй байх тул нэхэмжлэгч байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж үзлээ. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Б. Оюунтуяа нь Сүхбаатар аймгийн “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны нийгмийн ажилтнаар 2014.11.05-ны өдрийн 03 тоот тушаалаар томилогдож, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсныг ажил олгогчийн санаачлагаар 6 сарын хугацаагаар сахилгын шийтгэл мэтээр 1 талыг барьж ажилтны зөвшөөрөлгүйгээр гэрээний хугацааг тогтоож, гэрээ хийгдэж ажилтан 2016 оны 03 сард гарын үсгээ зурсан болох нь нэхэмжлэгчийн “би зөвшөөрөхгүй гээд гарын үсгээ гэрээн дээр зураагүй”, 2016 оны 03 сард манай байгууллагад Аудитын шалгалт орсон. Тэгээд Долгор багш гэрээн дээрээ гарын үсэг зурахгүй бол Аудит чамд акт тавина гэж зөвлөхөөр нь, гарын үсгээ зурахгүй бол цалин өгөхгүй гэхээр нь, мөн захирал “чамайг амаа татаж явбал 6 сард байрын багш болгоно” гэсний дагуу гарын үсгээ зурсан гэх тайлбар, хариуцагчийн нэхэмжлэгч гэрээн дээр 2016 оны 03 сарын 14-15-ны үед гарын үсгээ зурсан. Өөрөө гэрээгээ байгуулая гээд л гарын үсгээ зурж баталгаажуулсан. Миний зүгээс дарамт үзүүлээгүй. Өөрийнх нь тохиролцсон гэрээний хугацаа дууссан тул чөлөөлсөн, ажлаас халаагүй гэх мэдүүлэг, 2015.12.07-ны өдрийн захирлын Б.Оюунтуяагийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, сунгаж, арга хэмжээ авсан тушаал зэргээс дүгнэхэд 1 талын хүсэл сонирхлоор гэрээний хугацааг өөрчилсөн байна, хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-г зөрчсөн, 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “…Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийн хүрээнд, нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь 2015 оны 03 сарын 31-ний өдрийн А/06 тоот “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, өөрсдийн хийх ажлын чиг үүргээ ханган ажиллаагүй гэсэн үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан.

Мөн “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын 2015.12.07-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар нийгмийн ажилтан Б.Оюунтуяа нь ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үндсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, өөрийн ажлын ур чадвар муугаас байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хөдөлмөрийн сахилга алдсан, байгууллагын мэдээ тайланг тайлант хугацаанд нь зохих байгууллагуудад гаргаж өгөөгүй тасалсан, байгууллагатай холбоотой мэдээллийг дур мэдэн албан ёсны баталгаажуулалтгүй гаргасан, өөрийн хэрэглэж буй техник хэрэгслээ эвдэж, удаан хугацаанд ашиглах боломжгүй болгосон зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015.12.07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, мөн өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай сунгахаар, нийгмийн ажилтан Оюунтуяа нь удаа дараа ёсзүйн алдаа гаргаж, ажлын хариуцлага алдсан тул үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ тус тус авагдсан байна. 

 

Сахилгын шийтгэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, захирлын тушаалууд нь хүчин төгөлдөр болж биелэгдсэн. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулсанаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэжээ. 

 

Б.Оюунтуяагийн хувьд 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан боловч өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл 2015.03.31-ний өдөр хүлээснээс хойш 2016.06.06-ны ажлаас чөлөөлөгдөх өдөр хүртэл эхний арга хэмжээ авагдсан тушаалын хөөн хэлэлцэх хугацаа дууссан 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул давтан сахилгын зөрчилтэй гэж ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-ийг тус тус зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б. Оюунтуяаг ажлаас чөлөөлсөн Б/02 тоот тушаалын улмаас ажилтан Б. Оюунтуяа нь 41 хоног ажилгүй байсан ба нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь Баруун-Урт сумын “Боловсрол Өргөө” нэгдсэн дотуур байрны нийгмийн ажилтнаар ажиллаж байх хугацаанд сард 623650 төгрөгийн цалинтай болох нь № А 0011995 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 3, 4, 5 сарын цалингийн бичилтээр нотлогдож байна. 

 

Нэхэмжлэгч Б. Оюунтуяа нь нийгмийн ажилтнаар ажиллаж байх хугацаанд урьд авч байсан дундаж цалин нь / 623650₮:22х=28347₮/ үүнийг ажилгүй байсан 41 хоногоор үржүүлж 1162227 төгрөгийг /2016.06.09-оос 2016.08.05/ хүртэлх хугацааны нөхөх олговрыг төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Гомдлоор хэлэлцэх иргэний хэргийн нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрнаас улсын тэмдэгтийн хураамжинд 32443 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын 2016.06.06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд ажил олгогчийн тушаал нь хуульзүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтан Б.Оюунтуяаг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хуульзүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид уг тушаал нь эрхзүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзээд нэхэмжлэгчийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтуяаг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрны нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Сүхбаатар аймгийн  Боловсрол-Өргөө нэгдсэн дотуур байрнаас нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1162227 /нэг сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгосугай.

 

3.Нэхэмжлэгчийн “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын 2016.06.06-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрнаас улсын тэмдэгтийн хураамжинд 32443 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.БОЛОРМАА