Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг 01 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цэрэндулам /МБ:65062408/-д холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 6 дугаар хэсгийн Загдал гэх газар байрлах Цагдаагийн постын байрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 6 дугаар хэсгийн Загдал гэх газар оршин суугч Д.Цэрэндулам нь 2008 оноос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар цагдаагийн постын байрыг ашиглаж байна. Иргэн Д.Цэрэндуламд 2014 оноос хойш удаа дараа уг байрыг суллахыг албан бичгээр шаардсан боловч одоог хүртэл шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул цагдаагийн постын байрыг суллуулхаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд дээр гаргасан нэхэмжлэлдээ:...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Замын цагдаагийн хэсэг шинэ постын байртай болж хуучин цагдаагийн постын байраа ашиглахаа больсон учраас иргэн Д.Цэрэндулам 2008 онд Баянгол сумын цагдаагийн постын байрыг худалдааны үйл ажиллагаа явуулах зорилгоор түр ашиглаад өгье гэж хэлээд тухайн үед гэрээ хэлцэл байгуулахгүйгээр уг объектийг ашиглаж байсан юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас цагдаагийн постыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч иргэн Д.Цэрэндулам уг объектыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Ийм учраас ЗДТГазар шүүхэд хандахаас өөр аргагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Д.Цэрэндуламд холбогдуулан Цагдаагийн постын байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх уг нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэйг сануулсан, эрх, үүргийг нь дэлгэрэнгүйлэн тайлбарлан өгсөн. /ХХ-16-18 дугаар хуудас/

Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичиж шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй ба шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч хүлээж аваад “Миний бие нь энэ шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, хүсэл ч үгүй байна. Хуучин цагдаагийн постыг нүүлгээд буулгаад авч болно, зөвшөөрч байна. Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад суллаж өгье” гэсэн тайлбарыг мэдэгдэх хуудасд бичиж буцаажээ. /ХХ-н 23 дугаар хуудас/

Иймд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэсэн болно.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 6 дугаар хэсгийн Загдал гэх газар байрлах Цагдаагийн постын байр нь нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө мөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 39201-р дансны үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан /барилга, байгууламж, орон сууц/  /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 6 дугаар хэсэг Загдал гэх газарт байрлах Цагдаагийн постын байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2016 оны 05 дугаар сарын 11-ны 48 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны 1/140 дугаартай албан бичиг зэрэг нотлох  баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно. /ХХ-3, 4-р хуудас/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 6 дугаар хэсэг Загдал гэх газарт байрлах Цагдаагийн постын байрыг чөлөөлж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг Д.Цэрэндуламд даалгасугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ж.ЭРДЭНЭБАТ.