Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00197

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, “СЭБОЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Хараагийн 4-07 тоотод оршин суух хаягтай, /РД:МО:91011700, утас-90852888, 80507199/ Молк овогт Давидхааны Акмаралд холбогдох 2,189,643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Манай компани гадаад дотоод худалдаа, автомашины дугуй, сэлбэг, тосыг худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан 10 салбар дэлгүүртээ 100  гаран ажилчдыг ажлын байраар хангаж, улсад төлөх татвараа бүрэн төлж. 20-иод жил тогтвортой ажиллаж байна. Д.Акмарал нь манай компанид анх 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс борлуулагчаар ажиллаж байгаад 2015 оны 11 сарын 28-ны өдөр гэнэт ажлаа хаяж явсан. Ингэж ажлаас гарахдаа ямар нэгэн шалтгаан хэлээгүй. Д.Акмарал нь ажиллаж байх хугацаандаа тооллого тооцоо хийх бүрд их бага хэмжээний дутагдал, төлбөр гаргаж байсан боловч манай компаний зүгээс Д.Акмаралын амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан цалингаас нь бага багаар суутгадаг байсан учраас тооллого тооцоогоор гарсан үндсэн төлбөрөө бүрэн барагдуулаагүй байсан юм. Д.Акмарал нь ажиллаж байх хугацаандаа дээрхи жагсаалтын дагуу нийт 21073030 төгрөгний борлуулалт хийснээс 2066203 төгрөгний өр дутагдал гаргасан. Ажлаас гарсанаасаа хойш дээрх дутагдал төлбөрөө төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй төдийгүй сүүлдээ оршин суугаа хаягтаа байхгүй, олдохгүй байсан учраас шүүхэд хандан эрэн сурвалжлахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хаягийг олж тогтоосон юм. Манай байгууллагын санхүү болон борлуулалтын менежерүүдийн зүгээс Д.Акмаралд олон удаа шаардлага тавьж зөвлөгөө өгч байсан ба ажилдаа хяналттай ажилла. Бараа бүтээгдэхүүнээ сайн шалгаж тоолж бай гэж сануулж хэлэхээр тоохгүй, ажилдаа их хэнэггүй ханддаг байсан нь өр дутагдлаас нь харагдаж байна. Д.Акмаралтай уулзан ажиллаж байсан үеийнхээ өр төлбөрөө төл гэж шаардахаар сард 200000 төгрөгөөр төлж байя гэж гуйсан атлаа өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, ирж  уулзах ч үгүй алга болсон. Манай компани гадаадын олон орны бараа бүтээгдэхүүнийг банкны зээлээр татан авч борлуулдаг учраас банкинд хүү төлбөр төлдөг. Иймд Д.Акмаралаас түүний төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 2066203 төгрөг, эрэн сурвалжлах захирамж гаргуулан шүүхэд хандсантай холбоотой зардал 88240 төгрөг, шүүхэд хандах бүртээ бүрдүүлж өгч байсан баримт бичгийн наториатын зардал 35200 төгрөг нийт 2189643 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Д.Акмарал шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь “СЭБОЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2014 оны 11 дүгээр сард дадлага хийгээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үндсэн ажилтан болж тус компанид ажилд орсон. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Эргээд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилласан. “СЭБОЦЭ” ХХК-ийн гаргасан 2,189,643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн 2,189,643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Акмарал маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн 2,189,643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Акмарал төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49984 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Акмаралаас 24992 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 24992 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.