Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 402

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 4 дугаар хэсэг 82 тоотод оршин суух,Тугчин овогт Шагдарын Болд /МС 61042714/-ийн нэхэмжлэлтэй, 

“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ш.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 

Миний бие анх 1980 оны 7-р сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Энх тал тосгоны трактор комбайнчаар ажиллаж байгаад 1987 оны 1 дүгээр сарын 1-нээс Энхтал САА-г үүсгэн байгуулагдахад Сант сумаас “Энхтал” САА-д шилжсэн. 

Ингээд “Энхтал” САА-н 1987 оны 01 дүгээр сарын 01-ний тракторчинаар авсан тушаал мөн 1992 он хүртэл Энхтал САА-д ажиллаж байгаад 1992 оноос “Ар сүүж” компанид тракторч комбайнчинаар 3 жил тасралтгүй ажилласан орсон тушаалын тамга дарсан байдаг. 

Гэтэл 1995 оны 3 сард ажлаас чөлөөлсөн тушаалын тамгыг дарагдаагүйгээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгааг харгалзан үзэж 1992 оны 1 дүгээр сарын 01-нээс 1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Энхтал” САА-д “Ар Сүүж” ХХК-нд трактор комбайнчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Болдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь: Ш.Болд нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1993 оны 12 дугаар сарын 31 хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Энхталын САА-н “Ар Сүүж” ХХК-нд тракторч комбайнчаар ажиллаж байсан болох нь 589874 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Уламбаяр, С.Мөнхбат, Т.Баасандорж нарын тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг, 1992 оны 12 сарын 31-ний өдрийн баярын бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Тугчин овогт Шагдарын Болд нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Энхталын САА-н “Ар Сүүж” ХХК-нд тракторч комбайнчаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул дээрх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр Ш.Болд нь 1993 оны 12 дугаар сарын 31-нээс 1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Энхталын САА-н “Ар Сүүж” ХХК-нд тракторч комбайнчаар ажиллаж байсан гэх боловч  түүнийг зөвхөн гэрч Д.Уламбаяр, С.Мөнхбат, Т.Баасандорж нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй тул 1994 оны 1 дүгээр сарын 01-нээс 1995 он хүртэл “Улсад ажилласан байдал” тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Нэхэмжлэгч Ш.Болдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тугчин овогт Шагдарын Болдыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Энхталын САА-н “Ар Сүүж” ХХК-нд тракторч комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1994 оны 1 дүгээр сарын 01-нээс 1995 он хүртэл “Улсад ажилласан байдал” тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ