Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 407

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ганболд, Б.Сарантуяа нарт холбогдох “12.814.60228 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэг, хариуцагч Б.Ганболд, Б.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:         

 Зээлдэгч Б.Ганболд, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Сарантуяа нар нь 2013 оны 12-р сарын 19-ний өдөр №13/225 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын харьяа Хушаат тооцооны төвөөс 8.000.000 төгрөгийг сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар,өрхийн хэрэгцээндээ зориулж малчны зээл авсан. Энэхүү малчны зээлийг авахдаа хуурамчаар 565 толгой малтай гэсэн малын А данс үйлдэж, банкийг хуурамж мэдээллээр хангаж, банкны ажилтныг хууран мэхлэх замаар авч ашигласан байдаг.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 2.2.2 дах заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байгаа ба зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2014.12.19-ний өдөр дууссан байгаа. Б.Ганболд, Б.Сарантуяа нар нь зээл авснаасаа хойш зээлийн төлбөр хийгээгүй бөгөөд 2015.12.30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 8.000.000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 4.275.89763 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 538.70465 төгрөг нийт 12.814.60228 төгрөгийн үлдэгдэлтэй төлөгдөөгүй байна. Иймд иргэн Б.Ганболд, Б.Сарантуяа нараас 12.814.60228 төгрөгийг гаргуулж Төрийн банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганболд, Б.Сарантуяа нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ганболд, Б.Сарантуяа бид төрийн банкны нэхэмжилсэн 12.814.60228 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, бага хэмжээгээр төлж барагдуулна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэг хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч  Б.Ганболд, Б.Сарантуяа нараас “12.814.60228 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б.Ганболд, Б.Сарантуяа нар нь Төрийн банкны Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвөөс 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №13/225 тоот зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар өрхийн хэрэгцээндээ зориулж авсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байгаа нь зохигчдын тайлбар тодорхойлолтоор батлагдаж байна.

   Шүүх хуралдааны шатанд хариуцагч Б.Ганболд, Б.Сарантуяа нар нь Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганболд, Б.Сарантуяа нарт холбогдох “12.814.60228 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ганболд, Б.Сарантуяа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219984 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 109992 төгрөг, үлдэх 109992 төгрөгийг орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ