Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 410

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Ногоон хуст” ХХК-д холбогдох “94.226.527 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч танилцаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Майнд Тэч ХХК нь Ногоон Хуст ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №013 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 287.000 төгрөгний үнэ бүхий 60 уут нийт 17.220.000 төгрөгний үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн Trapper сортын рапсын үрийг зээлээр нийлүүлсэн.

           Зээлийн болон барьцааны гэрээний гол зохицуулалт нь Майнд Тэч ХХК нь Ногоон хуст ХХК-нд рапсийн үр зээлээр нийлүүлэх, Ногоон хуст ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг Майнд Тэч ХХК-д буцаан худалдах, Ногоон хуст ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг Майнд Тэч ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу Ногоон хуст ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 200 тн ургацыг Майнд Тэч ХХК-нд тушаах ёстой байсан. Ногоон хуст ХХК нь гэрээний 2.2-т заасан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс 117.062 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 7.275.835 төгрөг талууд гэрээгээр тохиролцсон 200 тн ургацаа манай компанид тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 62.296.080 төгрөг болж байна. Мөн Ногоон хуст ХХК манай компаниас тариалалтын ажилд дэмжлэг хүсэж 2015 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 10.000.000 төгрөгийг шатахууны дэмжлэг авсан, үүний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд 2015 оны зээлээр авсан рапсын төлбөр 14.551.670 төгрөг, хатаалгын зардал 102.940 төгрөг,  зээлээр авсан шатахууны төлбөр 10.000.000 төгрөг, алданги 7.275.835 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 62.296.080 төгрөг нийт 94.226.527 төгрөгийг Ногоон хуст ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. 

Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан Ногоон хуст ХХК-ийн эзэмшлийн:

-0205671 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, 18523517199140 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 6.86 га

-0205664 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18523516832654 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 13.48 га

-0205662 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18525515797991 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 19.27 га

-0205352 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18526513217064 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 46.93 га

-0205665 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18523517214507 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 26.42 га

-0205663 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18524516654338 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 56.37 га

-02056647 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18521519202020 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 24.98 га

-0205668 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 18520519604060 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Хашаатын хөндийд байрлах 41.88 га газруудаар тус тус зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ. 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 60.000.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 34.226.527 төгрөгийг хариуцагч Ногоон хуст ХХК-иас авахаар, хариуцагч Ногоон хуст ХХК нь үндсэн гэрээний төлбөр 34.226.527 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах, мөн хариуцагч Ногоон хуст ХХК нь төлбөрийг ургац, бүтээгдэхүүн /рапс/-ээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулж болно. Ургац бүтээгдэхүүнээр төлбөрийг барагдуулах тохиолдолд нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-ний Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Тосны ургамлын үр боловсруулах үйлдвэрт өөрийн тээврээр хүргэж, төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. 

                                       Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгч                  Майнд Тэч ХХК-ний захирал У.Мөнхжаргал 

Хариуцагч                     Ногоон хуст ХХК-ний захирал Д.Жаргалсайхан ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь 94.226.527 төгрөгийг хариуцагч Ногоон хуст ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 34.226.527 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.

Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Майнд Тэч ХХК-ний нэхэмжлэлтэй Ногоон хуст ХХК-д холбогдох “94.226.527 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийн зохигч 34.226.527 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 629083 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34.226.527 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 329083 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ