Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 388

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар ;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 2 дугаар хэсэг 265 тоотод  оршин суух, 28 настай , эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Сайнчимэгийн Сувд-Эрдэнийн /МЯ-88012703/  нэхэмжлэлтэй;

“Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан  хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.  

Нэхэмжлэгч: С.Сувд-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би Ш.Чулуун-Эрдэнэтэй 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хамтарч амьдарч 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүү Б.Хүслэн, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Ч.Тэмүүлэн нар төрсөн. Нөхөр маань 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ “ажил хийнэ” гэж гараад 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шороонд даруулан зуурдаар нас барсан. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхээр заавал хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний нөхөр Ш.Чулуун-Эрдэнэ бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү. 

                           Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж 

 

                                             ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нөхөр маань 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ “ажил хийнэ” гэж гараад 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шороонд даруулан нас барсан. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхээр заавал хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний нөхөр Ш.Чулуун-Эрдэнэ бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

С.Сувд-Эрдэнэ, Ш.Чулуун-Эрдэнэ  нар нь  2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гэр бүл болон хамтран амьдарч байгаад Ш.Чулуун-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зуурдаар нас барсан болох нь нас барсны №0000138056 тоот гэрчилгээ, гэрч М.Сайнчимэг, С.Шинжээ, Л.Сувд нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдож байх тул С.Сувд-Эрдэнэ, Ш.Чулуун-Эрдэнэ нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

         

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Сайнчимэгийн Сувд-Эрдэнэ, Шинжээгийн Чулуун-Эрдэнэ нарын  хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.СОЁЛМАА