Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 352

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 1 дүгээр багт оршин суух, РД:БЙ58012013 Ботахара сарик овогт Бугбайн Лейханы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Лейхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Худалдаа бэлтгэл ангийн болон Жолсай ББХК-нд худалдагч /агент/-аар 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Б.Лейхан шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие Толбо сумын 1 дүгээр бригадад Худалдаа бэлтгэлийн ангид агентаар 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Жолсай компанид шилжин орж агентаар 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон гарсан тушаал байгаа Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч архиваас гараагүй. Иймд тэтгэвэрт гарахад материалууд дутуу болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа тул миний 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 14 жил 01 сар Толбо сумын Худалдаа бэлтгэл ангийн болон Жолсай ХХК-нд агентаар ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Лейханы гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Толбо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1984-1994 оны баримтыг архивд шилжүүлээгүй тул Б.Лейханд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Лейханы ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:

-1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай Толбо сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын тушаалаар Б.Лейханыг Толбо сумын 1-р багийн агентаар авч ажиллуулсан байна

-Баян-Өлгий аймгийн Толбо сумын Жолсай ББХК-ны захирлын 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Б.Лейханыг тус компаний агентаар авч ажиллуулсан, мөн захирлын 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай тушаалаар Б.Лейханыг тус компаний агентаас чөлөөлсөн байна.

-1985 оны 2 дугаар сарын 12-ны өдөр олгосон №586759 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд Б.Лейхан нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл авсан цалин, төлсөн татварын талаар бичигдэж, тамга дарж баталгаажуулсан байна. Харин хүсэлт гаргагч Б.Лейханы 1990, 1991 онуудад авсан цалин, Үйлдвэрчний эвлэлд төлсөн татварын талаар бичилт хийгдсэн боловч тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.

-2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Жолсай ББХК-аас өгсөн Цалингийн тодорхойлолт-оор Б.Лейхан агентаар ажилласан хугацаанд буюу 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл цалин авч байсан нь тогтоогдож байна.

-Хүсэлт гаргагч Б.Лейханы 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Хөдөлмөрийн дэвтэр олгосон Толбо сумын ХБАнгийн дарга гэж бичигдсэн боловч тамга дарагдаагүй, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэггүй, зураггүй байна. Гэхдээ энэ Хөдөлмөрийн дэвтрийн 4-17 дугаар хуудсанд ажлын тухай мэдээнд ХБАнгийн даргын тушаалаар 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Толбо сумын 1 дүгээр бригадын агентаар авч ажиллуулан, Худалдаа бэлтгэл хоршооны даргын тушаалаар 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Жолсай ББХК-ний мэдэлд шилжүүлэн, Жолсай ББХК-ний захирлын тушаалаар 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс тус компанид агентаар ажиллаж байгаад 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Жолсай ББХК-ний агентийн ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дээрх тушаал шийдвэрүүдтэй тохирч байна.

-Хүсэлт гаргагч Б.Лейхан нь 1985 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1984 оны бараа борлолтын төлөвлөгөөг 106%-иар бэлтгэлийн бүх үзүүлэлтийн 88,9%-ийг 100 дээш хувиар биелүүлэн агентуудын дунд зарласан социалист уралдаанд 3 дугаар байр эзлэн Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр, 1986 оны аварга агентаар шалгарч Диплом үнэ бүхий зүйлээр, 1988 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хөдөөгийн хөдөлмөрчдөд худалдаа үйлчилгээгээр хөнгөн шуурхай үйлчлэх үйлсэд арвин их амжилт гаргаж 2 дугаар байранд шалгарсан тул Системийн 1987 оны аварга агент цол диплом үнэ бүхий зүйлээр, 1988 оны аймгийн Хөдөлмөрийн аварга цол олгож, аваргын энгэрийн тэмдэг, диплом дурсгаж 1000 төгрөгөөр, 1990 оны 3 дугаар сарын 5-ны өдөр сүүлийн 3 жилд дараалан бараа гүйлгээний төлөвлөгөөг биелүүлсэнд баяр хүргэн Баярын бичиг 100 төгрөгөөр, 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Хошой аварга цол олгож, диплом, энгэрийн тэмдэг дурсган 3000 төгрөгөөр шагнасан, 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Худалдааны байгууллагын 70 жилийн ойгоор Диплом үнэ бүхий зүйлээр тус тус шагнуулаж байсан байна.

-Мөн хүсэлт гаргагч Б.Лейхантай хамт ажилласан гэх РД:БЙ43051519 Б.Байтен, РД:БЙ46042010 Х.Тогтасын, РД.БЙ36051111 Т.Хуаныш нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Б.Лейхантай 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс эхэлж 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Толбо сумын худалдааны байгууллагад болон Жолсай компанид тасралтгүй агентаар хамт ажиллаж байсан. Б.Лейхантай хамт 14 жил 7 сар худалдааны салбарт ажилласан болох нь үнэн гэсэн байна.

-Хавтас хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн архивын тасгаас түүвэрлэн өгсөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Енбекши ауыл нэгдлийн 70 дугаар дансны түүвэрээс Б.Лейханы 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 01 дүгээр сарын 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хоног авсан хөлсийг тодорхойлолт нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Лейхан нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Худалдаа бэлтгэл ангийн болон Жолсай ХХК-нд худалдагч /агент/-аар 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БЙ58012013 Ботахара сарик овогт Бугбайн Лейхан нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Худалдаа бэлтгэл ангийн болон Жолсай ХХК-нд худалдагч /агент/-аар 1980 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Лейханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК