Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 353

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багт оршин суух, РД:БК62010161 Хурман овогт Хумарын Гүлжайнагийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Гүлжайнагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Муратхан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчин, саальчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Гүлжайна шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчин, саальчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон гарсан тушаал байхгүй байгаа боловч Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан байна. Мөн 1978-1982 онуудад авсан Хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн ба энэ талаар архивын лавлагаа хайлгасан боловч ямар нэгэн мэдээлэл олдсонгүй. 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан жилийн материал мөн архиваас олдоогүй болно. Иймээс миний ажилласан байдлыг шүүхээр тогтоолгохыг аймгийн Нийгмийн даатгалын байгууллага зөвлөсөн. Миний Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчин, саальчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан 5 жил, мөн хөдөлмөрийн дэвтэрт бичээстэй байгаа 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан 2 жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Х.Гүлжайнагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Муратхан шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Эхнэр бид хоёр бага залуугаас нэгдлийн малыг маллаж эхэлсэн. Миний эхнэрийн ажилласан жил архиваас гараагүй. Харин миний ажилласан жил маань гарч байгаа. Миний эхнэртэй холбоотой ямар нэгэн лавлагаа гараагүй. Яагаад миний эхнэрийн материал гарахгүй байгаад нь гайхаж байна. Алтайн хөгжил нэгдэл нь Ойгар баг болж хуваагдахад алга болж гээгдсэн асуудал байгаа юм шиг байна. Бид нар насаараа мал маллаж байгаа. Миний эхнэр 1997 оноос эхэлж сүрьеэгийн өвчнөөр өвчилж тэтгэмж авдаг байсан. Сүүлд нь 10 жилийг нэмж тогтоож өгөхөд зарим жилүүд нь давхацсан гээд хасчихсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн хар цагааныг ялгаж эхнэр Х.Гүлжайнагийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчин, саальчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, мөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг шударгаар тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Гүлжайнагийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1978-1982, 1990-1991 онуудын баримтуудыг тус тус шүүн үзэхэд иргэн Х.Гүлжайнад холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 236 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар хүсэлт гаргагч Х.Гүлжайнагийн ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:

-Хавтаст хэрэгт авагдсан Х.Гүлжайнагийн 1982 оны 1 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Нигмет гэж бичиж, Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан ба 6-16 дугаар хуудсанд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан хоног авсан хөлсний талаар тэмдэглэгдэн бичигдэж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Хүсэлт гаргагч Х.Гүлжайнагийн талаар РД:БК49050101 Б.Күлай, РД:БК43011211 С.Ханагат, РД:БК47031013 Х.Ханкиш нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд Х.Гүлжайна нь 1979-1991 онуудад нэгдлийн малыг төллүүлж, үнээг сааж ажилласан нь үнэн. Манайхтай хөрш, саахалт айл байсан тул Х.Гүлжайнагийн талаар сайн мэднэ. Одоо хүртэл мал маллагдаг малчин болно гэсэн байна. Мөн Улаанхус сумын НДХ-ын нарийн бичгийн даргаар ажилласан байсан Н.Айдолдагийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн Мөнгөн гол хэсгийн саальчнаар 1990-1991 онуудад Х.Гүлжайна ажиллаж байсныг тодорхойлож байна гэсэн байна.

Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Гүлжайна нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчин, саальчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БК62010161 Хурман овогт Хумарын Гүлжайна нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчин, саальчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Гүлжайнагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК