Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 355

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байр-2, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, РД:ПЭ85082211, Молхы овогт Айпын Хайролмажитад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А.Хайролмажитаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болох 1126147 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20210574, 20210573 тоот гэрээ байгуулан 99422633, 99422533 дугааруудтай \үрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iРhоnе утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,126,147 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Хайролмажит шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Айп овогтой Хайролмажит Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй 1127147 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулж өгөхөөр боллоо. Иймд надтай холбоотой иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Хайролмажитад холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болох 1126147 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Хайролмажит нь нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг 1126147 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд хариуцагч А.Хайролмажит нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус зааснаар хариуцагч А.Хайролмажит нь нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1126147 /нэг сая нэг зуун хорин зургаан мянган нэг зуун дөчин долоон/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31578 төгрөгийн тал нь болох 15789 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 15789 төгрөг, мөн хариуцагч А.Хайролмажитаас 15789 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ