Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 357

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай, Рысжан ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багт оршин суух, Төлек овогт Сагидолдагийн Бейбитханд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч С.Бейбитхан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан түлшний үнэ 11518000 төгрөг, алданги 5759050 төгрөг, нийт 17277150 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Рысжан ХХК-ны захирал Н.Бейбитхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанхус сумын 2 дугаар багийн иргэн Сагидолда овогтой Бейбитхан нь Рысжан ХХК-тай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 46 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нөөцийн агуулахаас падаанаар А-80 маркийн бензин (6710 литр х 1510 төг) = 10132100 төгрөг, масло МВ-8 (48 литр х 3500) = 168000 төгрөг, мөн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Рысжан ШТС № 02-оос А-80 бензин (840 литр х 1450) = 1218000 төгрөгийн шатахуун тус тус авч бүгд үнэ 11518100 төгрөгийг удаа дараа шаардсан боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүй одоо хүртэл төлбөрөө төлөөгүйгээс тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна.

Гэрээнд хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 1%-тай тэнцэх алданги төлнө гэсэн 4.3-ын заалтыг үндэслэн алданги тооцоход: 2015 оны 6 дугаар сарын 27-наас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны хүртэл 9 сар буюу 270 хоногт (10300100 : 1% = 103000 х 270)= 27810000 төгрөг, мөн 2015 оны 9 дүгээр сарын 10-наас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны хүртэл 7 сар 17 хоногт (1218000 х 1%=12180 х 227 хоног )= 2764860 төгрөг, бүгд 30574860 төгрөгний алданги тооцов.

 

Иймд тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн зарчмыг үндэслэн нийт төлбөрийн дүн (11518100 х 50%)= 5759050 төгрөгийн алданги тооцож, бүгд (11518100 + 5759050)= 17277150 төгрөгийг иргэн С. Бейбитханаас гаргуулан төлүүлэн өгч компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэн С.Бейбитхан нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Рысжан ХХК-тай 46 тоот зээлийн гэрээ байгуулж мөн өдөр нөөцийн агуулахаас А-80 маркийн 6710 литр бензинийг нэг бүрийн үнийг 1510 төгрөгөөр тохиролцож нийт үнэн нь 10132100 төгрөгөөр худалдаж авсан. Мөн тухайн өдөр НБ-8 маркийн масол, 48 литрийг нэг бүрийн үнийг 3500 төгрөгөөр нийт 168.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж А-80 маркийн 840 литр бензинийг 1450 төгрөгөөр нийт 1.218.000 төгрөгийн шатахууныг авч байсан. Эдгээрийн нийлбэр дүн нь 11.518.100 төгрөг болж байгаа. Зээлийн гэрээний хугацаа 1 сарын хугацаатай байсан. Хариуцагч маань хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний 4.3-т заасан үүргээ зөрчсөн. Үүнтэй холбогдуулан компани зүгээс багахүү хэмжээний хохирол амсаад байгаа. Тухай гэрээний 4.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон ба өнөөдрийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 270 хоног саатуулсан байдаг. Саатуулсан хоногийн 1 хувь нь 103.000 төгрөг болж байна. Үүнийг 270 хоногоор үржүүлээд үзэхэд 27.810.000 төгрөг болж байна. Мөн хоёр дахь зээлийн гэрээ болох 1.218.000 төгрөгийн 1 хувийн алдангитай гэж үржүүлээд үзвэл 12.180 төгрөг болж байна. Саатуулсан өдөр болох 227 хоногоор үржүүлэхэд 2.764.860 төгрөг болж байна.

Эдгээрийн үнийн дүнг нэгтгэж тооцож үзэхэд 30574860 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Үүнийхээ дагуу тооцоолж үзэхэд нэгдүгээр гэрээний 50 хувь нь 5.150.050 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээний 50 хувь нь 609.000 төгрөг болж байна. Нэгтгэвэл 5.759.050 төгрөг болж байна. Үүнд үндсэн төлбөр болох 11.518.100 төгрөгийг алдангитай хамт нэмэхэд 17.277.150 төгрөг болж байна. Уг мөнгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч С.Бейбитхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Рысжан ХХК-наас саяны дурдсан шатахууныг авсан маань үнэн. Урьд нь бас авч байсан. Сүүлд нь авсан бензиний мөнгийг төлж чадахгүй байгаа. Рысжан ХХК-ны нэхэмжилж байгаа энэ мөнгийг цаашид төлж өгнө. Гэхдээ харж үзээд хүүг багасгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Рысжан ХХК нь С.Бейбитханаас зээлээр авсан шатахууны үнэ 11518100 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүйн алданги 5759050 төгрөг нийт 17277150 төгрөгийг гаргуулж өгөхийг шаарджээ.

Рысжан ХХКомпани болон С.Бейбитхан нарын хооронд байгуулсан Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 46 тоот гэрээ, нефтийн бүтээгдхүүн зээлээр худалдан авах тухай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ, Рысжан ХХК-ийн зарлагын падаан зэргээс үзэхэд С.Бейбитхан нь Рысжан ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10132100 /6710 литр х 1510 төг/ төгрөгийн үнэтэй А-80 маркийн бензин , 168000 төгрөгийн үнэтэй масло МВ-8, мөн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1218000 төгрөгийн үнэтэй А-80 маркийн бензин тус тус авч бүгд 11518100 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан нь тогтоогджээ. Хариуцагч С.Бейбитханаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргаангүй байгаа, авсан барааныхаа үнийг төлөх болно, алдангийн хувьд харж үзэхийг хүсч шүүх хуралдаан дээр тайлбарласан байна.

Рысжан ХХКомпани болон С.Бейбитхан нарын хооронд байгуулсан Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 46 тоот гэрээний дөрөвдүгээр зүйдлд төлөбар тооцооны талаар харилцан тохиролцсон бөгөөд 4.2-т хэрэглэгч нь авсан нефтийн бүтээгдхүүний үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж тооцоог дуусгана, 4.3-т хэрэшлэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үдэгдэл үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө, нефтийн бүтээгдхүүн зээлээр худалдан авах тухай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээнд төлөх хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны хүртэл байхаар тогтоосон бгөөд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Гэрээгээр тогтоосон хугацааны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.1 хувиар алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас илүү гарч байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагч С.Бейбитханы гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11518100 төгрөгийн 50 хувь болох 5759050 төгрөгийн алдангийг нэмж гаргуулах нь зүйтэй байна. Иймд С.Бейбитханаас зээлээл авсан барааны үнэ 11518100 төгрөг, гэрээгээр хүлээсэн алданги 5759050 төгрөг, нийт 17277150 төгрөгийг гаргуулан Рысжан ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Сагидолдагийн Бейбитханаас 17277150 төгрөгийг гаргуулан Рысжан ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244336 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Бейбитханаас 244336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Рысжан ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК