Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 361

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух, Балта овогт Хайдарын Оразбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух, Узынмылтых овогт Жумаханы Майгүлд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Оразбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч Ж.Майгүл, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ерлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: хүү О.Аманболыг Ж.Майгүлийн асрамжид үлдээсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, хүү О.Аманболыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Оразбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэгэнт Ж.Майгүл бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан байх тул хүү О.Аманболыг өөрийн асрамжид авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.Майгүл надаас тустай амьдарснаас хойш 1 жилийн хугацаанд хүү О.Аманбол миний асрамжид байгаа. Хүү О.Аманбол өөрөө ч гэсэн миний асрамжид үлдэхийг хүсэж байгаа учраас миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би өөрийн Зил-130 машинаар тээвэрт явдаг. Гэхдээ би байнгын архи уудаг архичин хүн биш. Би олсон мөнгөө байнга архинд зарцуулахгүй. Манай аав, ээж одоо амьд сэрүүн байгаа бөгөөд хүүхдийг асрах бүрэн чадвартай. Ж.Майгүл бид хоёр гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүү О.Аманбол миний асрамжид байгаа учраас би хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Би хүү О.Аманболыг дагуулж очоод ээж нь болох Ж.Майгүлтэй уулзуулж, заримдаа бүр гэрт нь дагуулж очоод хонуулж байсан. Би урд өмнө Ж.Майгүлтэй эвлэрээд сайхан амьдрахыг хүссэн боловч хоорондоо эвлэрээгүй болохоор сүүлд хүүхдийг дагуулж очоогүй. Анх Ж.Майгүл бид хоёр тустай амьдарч байхад Ж.Майгүл нь 2 хүүхдийг дагуулж явсан боловч дараа нь хүү О.Аманбол миний асрамжид байхаар зугтаж ирсэн. Тэгэхэд Ж.Майгүл нь хүүхдийн араас хөөж ирээд хэл ам гаргасан боловч хүү О.Аманбол Ж.Майгүлийг дагаж яваагүй. Харин тухайн үед Ж.Майгүл нь бага хүүхдийг хүчээр аваад явсан. Би үүнээс хойш бага хүүхэдтэй уулзаагүй бөгөөд бага хүүхэд маань цэцэрлэгт байхад би очсон боловч намайг танихгүй байдалтай байсан гэв.

Хариуцагч Ж.Майгүл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр Х.Оразбек бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдүүдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш би хүү О.Аманболтой 1 ч удаа уулзаагүй. Нэхэмжлэгч Х.Оразбек өөрөө зориудаар намайг хүү О.Аманболтой уулзуулахгүй байна. Заримдаа тэр Ногооннуур сумд гудамжинд явж байхад хүү О.Аманболтой тааралдахад Х.Оразбек болон түүний хамаатнууд нь хүүхдийг аваад зугтдаг. Х.Оразбек бид хоёрын гэрлэлтийг цуцлаад 4 сарын хугацаа өнгөрсөн боловч нэхэмжлэгч Х.Оразбек нь нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг төлөөгүй. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хүүх О.Аманбол нь эцэг нь болох Х.Оразбекийн асрамжид байсан учраас хүүхэд мэдээж эцгийн зааж өгснийг нь хэлж байгаа. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд би хүүхэдтэй уулзаагүй болохоор одоо хүүхдээ өөрөө авах хүсэлттэй байгаа бөгөөд нэхэмжлэгч Х.Оразбекийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Х.Оразбекийн аав, ээж нь өндөр настай хүмүүс, дээрээс нь ээж нь 2 дугаар зэргийн сонсгол муутай, хэд хэдэн удаа даралт нь ихсэж цус харваж байсан хүн. Нэхэмжлэгч Х.Оразбек нь өөрөө архи уудаг учраас хүү О.Аманболыг асран хамгаалж, хүмүүжүүлж чадахгүй. Х.Оразбек нь өөрийн гэсэн Зил-130 машинтай боловч байнгын тээвэрт явахгүй, хааяа нэг тээвэрт явж олсон хэдэн мөнгөөр архи уучихдаг, хүүхдийн асран хамгаалж чадахгүй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Оразбек нь хүү О.Аманболыг Ж.Майгүлийн асрамжид үлдээсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, хүү О.Аманболыг миний асрамжид өгөх, шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд хүү О.Аманболыг өөрийнхөө асрамжид байлгасан тул Ж.Майгүлийн надаас шаардаж буй хүүхдийн тэтгэлгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ний өдрийн 82 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жумаханы Майгүл, Хайдарын Оразбек нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүү О.Аманбол, 2011 оны 07 сарын 07-ний өдөр охин О.Айымгүл нарыг эх нь Ж.Майгүлийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцэг Х.Оразбекээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж, шийдвэр гарснаас хойш 4 сарын хугацаанд шийдвэр гүйцэтгэх газар нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Х.Оразбек нь ... хүү О.Аманбол нь миний асрамжид үлдэх саналтай байгаа, эхийн асрамжид байх хугацаандаа зугтаж ирсэн, миний асрамжид байгаа, хүүгээ өөрийнхөө асрамжид авахыг хүсэж байна гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

Мөн нэхэмжлэгч Х.Оразбек нь шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэл хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй болохоо шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан ба нэхэмжлэгч Х.Оразбек нь Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар Х.Аманбол нь 2016 оны 04 сарын 26-ны өдөр 7 насанд хүрсэн байх тул шүүх хүүхдийн саналыг хуульд зааснаар асуусан боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийн асрамжийг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзлээ.

Ер нь хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй, зөвхөн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д зааснаар хүүхэд төрүүлэх асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхэд хүмүүжүүлэх эрх үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлд заасан эцэг, эхийн хүлээх үүргийн талаар, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар эцэг, эх нь тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулан гэсэн үндэслэлээр хүү О.Аманболын асрамжийн асуудлыг өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэрлэлт цуцалснаас хойш хүү О.Аманболыг эх нь Ж.Майгүлийн асрамжид үлдээснээр хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн мөн Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх ашгийг зөрчсөн, хүүхдийн асрамжийг өөрчлөх ноцтой нөхцөл байдал бий болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаарнотлогдохгүй байх тул хүү О.Аманболыг эх Ж.Майгүлийн асрамжид үлдээснийг өөрчилж, хүү О.Аманболыг миний асрамжид өгөх, шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд хүү О.Аманболыг өөрийнхөө асрамжид байлгасан тул Ж.Майгүлийн надаас шаардаж буй хүүхдийн тэтгэлгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ж.Майгүлийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Оразбекийн эх нь Болысбай овогтой Миуа нь хүүхэд асран хамгаалах чадваргүй, өөрөө өвчтэй байнгын эмчийн хяналтад байдаг гэх 2016 оны 06 сарын 13-ний өдрийн 77 дугаартай Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч Х.Оразбекийн шүүхэд гаргаж өгсөн Ногооннуур сумын Хызылхайын багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 17-ний өдрийн 447 дугаартай албан бичиг, иргэн С.Манарбек, С.Бауржан, Р.Күрисхан, Н.Даулетхан, Х.Делгат нарын бичсэн тодорхойлолтууд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Х.Оразбекийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Оразбекийн хүү О.Аманболыг Ж.Майгүлийн асрамжид үлдээсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, хүү О.Аманболыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Оразбекийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН