Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 422

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг Мөнхтолгой, Орхоны 10 дугаар гудамж 03 тоотод оршин суух, Сартуул овогт Жанчивдоржийн Явуухүү /МС 61071507/-ийн нэхэмжлэлтэй, 

 “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Явуухүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ж.Явуухүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 

Миний бие нь Сэлэнгэ аймгийн Энхтал Сангийн аж ахуйн эмийн санд шил угаагчаар 1988 оны 05 дугаар сарын 01-нээс ажиллаж байгаад 1994 оны 08 дугаар сарын 01-нд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Явуухүү нь “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Учир нь: Ж.Явуухүү нь Сэлэнгэ аймгийн Энхтал сумын эмийн санд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл шил угаагчаар ажиллаж байсан болох нь гэрч Х.Эрдэнэцэцэгийн намайг 1988 оны 07 дугаар сард ажилд ороход Ж.Явуухүү эмийн санд шил угаагчаар ажиллаж байсан бөгөөд 1994 онд ажлаасаа гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас, гэрч Ш.Мажаасүрэнгийн 1988 оноос эхлэн Ж.Явуухүү эмийн санд шил угаагчаар ажилд орж 1994 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/, гэрч Г.Оюунтуяагийн Ж.Явуухүү нь 1988 онд эмийн санд шил угаагчаар ажилд орж 1994 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн эмийн сангуудыг удирдах конторын даргын 1990 оны 10 дугаар сарын 136 дугаартай “Зарим ажилчдын цалин нэмэх тухай” тушаал, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тус тус нотлогдож байх тул Ж.Явуухүүг Сэлэнгэ аймгийн Энхтал сумын эмийн санд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд “Шил угаагч”-аар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин түүний 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Энхтал сумын эмийн санд “Шил угаагч”-аар ажиллаж байсан гэх баримт хэрэгт цугларсан бичгийн чанартай баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Явуухүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

     

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сартуул овогт Жанчивдоржийн Явуухүүг 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Энхтал сангийн аж ахуйн эмийн санд “Шил угаагч”-аар ажиллаж байсан болохыг тогтоож, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01 хүртэл Сэлэнгэ аймгийн Энхтал сумын эмийн санд “Шил угаач”-аар ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ