Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 328

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 014б тоотод оршин суух, Жавсран овогт Жамсрангийн Саранчимэг /МЮ 77060466/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв /-д холбогдох “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Саранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд 2005 оноос эхлэн нягтлан бодогч, нярав-бичиг хэрэг, менежер гэх мэт ажлуудыг эрхлэн гүйцэтгэж ирсэн бөгөөд 2010 оноос эхлэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад аймгийн авто тээврийн төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот тушаалаар халагдсан. Ж.Саранчимэг миний бие энэхүү ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Учир нь: Би энэхүү байгууллагыг үүсэн байгуулагдсанаас хойш тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагатай бүхий л ажлуудыг гүйцэтгэж ирсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сард Ч.Жамбалнямбуу нь тус байгууллагын даргаар томилогдон ирсэн цагаас хойш миний ажил албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зориудаар саад учруулж, намайг хууль бус үйлдэл хийхийг шаардсаар эцэстээ намайг ажлаас халж байна. 

Би Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн машин механизмын мэргэжлийн бакалаврын дипломыг тус байгууллагад анх ажилд орохдоо ашиглаагүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.2-т .... “Хуульд өөрөөр заагаагүй бол боловсролгүй, үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтны мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хуурамч бакалаврын дипломтой холбоотой асуудал нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 

Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр халсан нь хөдөлмөрийн тухай хуулийн тухайн зүйл хэсэг болон түүнийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоос үзэхэд надад хамаарахгүй байна. 

Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.1 “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй”, Ёс зүйн дүрмийн 4.4 “Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэсэн заалтуудын тухайд дээр дурдсанчлан аливаа зөрчил гаргаж байсан удаагүй бөгөөд мөн журмын 11.7.23 “Албан тушаалын байдлаа урвуулах буюу хэтрүүлэх, үүрэгт ажилдаа хайнга хандах, хууль бусаар бусдаас төлбөр, торгууль авч ашиглах”, Ёс зүйн дүрмийн 4.1 “Албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглах, бусдад давуу байдал олгох, тэрхүү давуу байдлаас өөрт шан харамж авах нөхцлийг бий болгох, бусдыг дарамтлах, гүтгэх” гэсэн заалтуудын хувьд 2015 оны  12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Мягмаржавын Мөнхжаргалын учирлан гуйсны дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээний улсын тэмдэгтийн хураамж болох 20.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар шилжүүлэн авч, үйлчилгээг хийж өгөөд, дараа нь хүн банк руу явуулж уг хураамжийг нөхөн төлүүлсэн нь үнэн болно. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ж.Саранчимэг намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажил албан тушаал буюу Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү! гэжээ.   

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2016 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэлдээ:

Миний бие тус шүүхэд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27 –ны  өдрийг хүртэл ажлын 48 хоногийн цалинг нэхэмжилнэ. 

Сүүлийн 12 сарын цалингийн дундаж 895.749 төгрөг, ажлын жилийн 1 сард ногдох ажлын өдөр 22 хоногт хувааж, нэг өдрийн 40.775 төгрөг, ажилгүй байсан ажлын 48 хоногт үржүүлэхээр 1.954.320 төгрөг болж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс ажилгүй байсан хугацааны 1.954.320 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 

Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж өгнө үү ! гэжээ. 

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Авто тээврийн газрыг” анх “Тээвэр үйлчилгээний төв байхад” буюу анх 2005 онд байгуулагдахад нь ажилд орж байсан. Ажилд орохдоо нягтлан бодогчоор ажилд орсон. Намайг ажилд орж байх үед Сэлэнгэ аймаг “Тээвэр зохицуулалтын алба”, “Тээвэр үйлчилгээний алба” гэдэг хоёр алба байдаг байсан. Гэхдээ хоёулаа нэг даргатай, нэг нягтлантай, нэг няравтай байгууллага байсан. Би “Тээвэр зохицуулалтын газар”-т нягтлангаар, “Тээвэр үйлчилгээний газар”-т нь менежерээр ажилладаг байсан. Сүүлд нягтлангийн ажлаа өгөөд хоёр байгууллагын нярвын ажлыг менежерийн ажилтай нь хамт хийдэг болсон. Энэ байдлаараа 2010 он хүртэл ажилласан. 2010 онд манай байгууллага бүтэц зохион байгуулалтад орж “Тээвэр зохицуулалтын алба” нь “Тээвэр авто замын газар” болж тусдаа даргатай болж манай байгууллагаас салсан. Мөн “Тээвэр үйлчилгээний алба” нь “Авто тээврийн хэрэгслийн оношлонгоо, хяналт зохицуулалтын алба” болсон. Тухайн үед би “Тээвэр авто замын газар” менежерээр ажилд орох гэж байтал 2010 оны 01 дүгээр сард “Тээвэр үйлчилгээний төв”-ийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллуулахыг төвөөс томилсон байсан. Тэгээд би “Тээвэр авто зам”-ын газар оролгүйгээр энэ албан тушаал дээр үлдсэн. Энэ албан тушаал дээр ороход ямар нэгэн мэргэжлийн шаардлага тавиагүй дотроосоо хүмүүсийг томилж ажиллуулж байсан. 

2010 оны 01 дүгээр сард томилогдоод шууд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан. Тэр сургалтад нь хамрагдаад энэ ажлыг хийгээд өдийг хүрч байна. Намайг анх бүртгэлийн мэргэжилтний ажлыг хийхэд ажлын байрны тодорхойлолт байгаагүй гэдэг зүйл байгаагүй. 2013 онд ажлын байрны тодорхойлолт гэж гарсан. Ажлын байрны тодорхойлолт гарсны дараа удирдах байгууллагаас ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу сурч боловсроорой гэж хэлж байсан бөгөөд төвийн мэргэжилтнүүд маань дандаа эрх зүйч мэргэжилтэй, эрх зүйчээр сурсан хүмүүс байдаг учраас би 2015 оноос эчнээгээр эрх зүйч мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Тийм болохоор би энэ ажилд анх орохдоо хуурамч диплом ашиглаж энэ ажилд ороогүй. Энэ байгууллагыг анх байгуулагдахад нь ажилд ороод өнөөдрийг хүрсэн. Мөн намайг ажлаас халах нэг үндэслэл нь дансаар мөнгө авсан гэсэн байдаг. Энэ бол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу би тээврийн хэрэгслийн гэрчилгээ сольдог, шилжилт хөдөлгөөн хийдэг, дугаар номер олгодог. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хоёр янзаар сольдог. Хэрвээ дуусчихсан гэрчилгээ байвал шууд солигддог, ашиглалтын буруугаас алдаж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, дахин ашиглах боломжгүй болсон бол улсын тэмдэгтийн хураамж 20.000 төгрөг төлдөг. Үүнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд заасан байгаа. Үүнийг бид нар дагаж мөрддөг. Хариуцагч талаас гаргаж өгсөн намайг ангилал сольсон, хөдөлгүүрийн багтаамж сольсон гэж үзсэн баримтуудыг харлаа. Ангилал солих асуудлын хувьд би энэ байгууллагад ажиллах 10 жилийн жилийн хугацаанд нэг ч удаа алдаа зөрчил гаргаж байгаагүй. Миний бүртгэлийн тамга, тэмдэг даргад байдаг. Компьютерээр хэвлэгдэж гарч байгаа баримт бол өөрчлөгдөх боломжгүй. Харин компьютероос гарсан хойно нь засвар хийсэн баримтыг хариуцагч талаас гаргаж өгч байна. 

Ч.Жамбалнямбуу даргатай яагаад зөрчилдсөн гэхээр эдгээр зөрчилтэй зүйлсийг дандаа Ч.Жамбалнямбуу дарга өөрөө хийдэг. Хийхгүй болохоор хална гэж сүрдүүлдэг байсан учраас би Ч.Жамбалнямбуу даргыг ажиллаж байхад тамга тэмдгийг нь албан ёсоор хүлээлцсэн. 

Ангилал сольсон гээд байгаа тээрийн хэрэгслийн гэрчилгээгээ сайн харвал “B” гэж бичсэнийг “D” болгож зассаныг харж болно. Гэрчилгээ нь дээрээ засварласан зүйл байгаа ч гарын үсэг нь миний гарын үсэг байж болно. Би гарын үсэг зураад дарга руу оруулдаг. Дарга тамга дараад гардаг. Эргээд нөгөө хүн чинь ангилалаа солиулах гэж орж ирэхдээ над дээр орж ирэхгүй дарга дээр ороод тэрийгээ солиулаад засуулчихдаг. Ийм асуудал их байгаа Ч.Жамбалнямбуу даргын үед ч тэр н.Ариунаа даргын үед ч байсан гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн авто тээврийн төв шүүхэд гаргасан тайлбартаа:           

     ... Ж.Саранчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Саранчимэг нь байгууллагын итгэлийг алдагдуулж Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн гэж хуурамч диплом байгууллагад өгч ноцтой үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул хуулийн дагуу ажлаас халсан болно. Манай авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн ажилтан нь авто инженер буюу механик инженер эсвэл эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай байдаг.

         Гэтэл Ж.Саранчимэг нь дээрх шаардлагад нийцэхийн тулд хөдөө аж ахуйн дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн гэсэн хуурамч диплом авч манай байгууллагад үзүүлж бүртгэлийн ажилтнаар ажилласан байдаг юм. 

        Тус хуурамч дипломыг хуурамч гэдгийг тодорхойлсон бичиг хийж өгсөн болно. Манай байгууллага цаашид ийм итгэл алдагдуулсан ажилтныг ажиллуулахгүй байх нь зүйтэй учраас Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу Ж.Саранчимэгийг ажлаас  халсан нь хуулийн үндэслэлтэй.

Иймд Ж.Саранчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.  

Ажил олгогч нь Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот тушаалаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГын захирлын а/115 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн авто тээврийн төвийн нийтлэг дүрмийн 4.4, МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.8,11.7.1,11.7.4,11.7.11, 11.7.21, 11.7.23, Ёс зүйн дүрмийн 4.1,4.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Ж.Саранчимэгийг ХААИС-ын инженер технологийн сургуулийн машин механизм маргэжлийн хуурамч диплом ашигласан, иргэдээс бэлэн мөнгө авч өөрийн данс руу шилжүүлсэн тээврийн хэрэгслийн ангилал зассан зэрэг ноцтой зөрчил гаргасан” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Саранчимэгийг ажлаас халах тухай тушаал гаргасан байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогчоос “ажилтныг хөдөө аж ахуйн дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн хуурамч дипломтой, тээврийн хэрэгслийн бүртгэлийн ажилтан нь ... “авто инженер буюу механик инженер эсвэл эрх зүйч зүйч мэргэжилтэй байх шаардлагатай гэх шалтгаанаар ажилтаныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй” гэж үзэж ажлаас халахдаа цаашид түүнийг суралцаж байгаа эсэхийг нь харгалзан үзээгүй, мөн иргэдээс бэлэн мөнгө авсан, өөрийн хувийн данс руугаа шилжүүлж авсан, ангилал зассан зэргийг тогтоогүйгээр Ж.Саранчимэгийг ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан “Улаанбаатар эрдэм судлал” дээд сургуулийн тодорхойлолт болон суралцах-суралцуулах тухай гэрээ, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах гэж эдгээр баримтуудыг Авто тээврийн үндэсний төвөөс авчруулсан, “тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх хэн гарын үсэг зурсан тэр хүн л хариуцлага хүлээнэ” гэх тайлбар зэрэг бичгийн чанартай нотлох баримтаар нотлогдож байна. 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан байхад Хөдөлмөрийн гэрээг нэг жилд 3 удаа байгуулсанд ажилтныг буруутган мэтгэлцэж байгаа боловч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд тухайн байгууллагын дарга өөрчлөгдөх тоолонд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд ажилтан буруугүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт “ажилтан мэргэжил, ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө ажилтанд ажил олгогч мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчиж Ж.Саранчимэгийг ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв. 

Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч нь Ж.Саранчимэгийг ...  ажилтныг хөдөө аж ахуйн дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн хуурамч дипломтой, тээврийн хэрэгслүүдийн ангилалыг зассан, иргэдээс бэлэн мөнгө авч хувийн данс руу хийсэн.... гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот тушаалын үндэслэл болгосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй. 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Б.Мөнхбаяр, Т.Гансүх, А.Энхтайван нарын тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, “ХААН” банкны 5675439884 тоот дансны хуулга зэрэг нь Ж.Саранчимэгийг ... дээрх нэр бүхий иргэдийн тээврийн хэргэслүүдийн ангилалыг зассан, иргэдээс бэлэн мөнгө авч хувийн данс руугаа хийсэн нь эргэлзээтэй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. 

Иймд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот тушаал хөдөлмөрийн хуулинд нийцээгүй бөгөөд Ж.Саранчимэгийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан “ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Ж.Саранчимэгийг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд  нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь сүүлийн 3 сар буюу 2015 оны 12 сар, 2016 оны  1, 2 дугаар саруудад авсан цалингийн нийлбэр 2.325.000: 3 =  775.000 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч  байх тул, ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 22-ноос 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд олговрыг тооцвол:

2015 оны 3 сард: ажлын 22 хоног ажилгүй байсан хугацаа 7 хоног, 2016 оны  4 сард: ажлын 21 хоног, 2015 оны 5 сард: ажлын 22 хоног, 2016 оны 6 сард ажлын хоног 22 хоног ажилгүй байсан хугацаа нь 6 хоног тул сарын дундаж цалин 775.000 :22 хоног=35.227 /1 өдрийн/ төгрөг х13 хоног=457.951 төгрөг

2016 оны 3 сард ажлын 22 хоног, ажилгүй байсан 7 хоног тул 775.000: 22 хоног= 35.227 төгрөг*7 хоног=246.589 төгрөг,

2016 оны 4,5 саруудад нийт 2 сар * 775.000 төгрөг = 1.550.000 төгрөг,

2016 оны 6 сард ажлын 22 хоног, ажилгүй байсан 7 хоног тул 775.000:22 хоног=35.227 төгрөг*6 хоног= 211.362  төгрөг, 

 бүгд 246.589+211.362+1.550.000=1.957.951 төгрөг байна.  

Мөн түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, түүнд зохих бичилтийг хийлгэхээр шийдвэрлэв.

Мөн ажилтны гэм буруу болон гаргасан зөрчлийнх нь шинж чанар, үр дагаварт нь тохироогүйгээс гадна уг тушаал нь өөрөө ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн факт, баримт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг нь заавал хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй.   

Нэхэмжлэгч Ж.Саранчимэгийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /70.200+46.229/ нийт 116.429 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд мэдэгдсэн байх тул хариуцагчийн гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Саранчимэгийг Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 1.957.951 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ж.Саранчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж   70.200  төгрөг   төлөхөөс   чөлөөлөгдсөнийг   дурьдаж, хариуцагч  Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 116.429 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.   

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ