Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 349

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 3 дугаар 60 айлын 08 тоотод оршин суух,  Буурал овогт Батданзангийн Бат-Эрдэнэ /МЮ-60111370/-ын нэхэмжлэлтэй, 

“Ажилласан байдал тогтоолгох” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Миний бие 1976 оны 2 дугаар сараас 1987 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын уурын зуухны галчаар ажиллаж байгаад 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс Хөдөө аж ахуйн яамны цахилгаан сантехник угсралтын 4 дүгээр ангид мөн уурын зуухны галчаар 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэж ажиллаж байсан боловч үрэгдэж алга болсон тул 1976 оны 2  дугаар сараас 1991 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэл улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бат-Эрдэнэ нь “...Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 27-ныг хүртэл галч, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын 4 дүгээр ангид уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:   

           Б.Бат-Эрдэнэ 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 27-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт галч, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын 4 дүгээр ангид уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргын 1976 оны 9 дүгээр сарын 130 дугаартай “ 2 дугаар улиралын өсгөн нэмэгдүүлэх шагналт цалин олгох тухай” тушаал, 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай “ Зарим тэргүүний хүмүүсийг урамшуулан шагнах тухай” тушаал, 1978 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай “ Өсгөн нэмэгдүүлэх цалинг олгох тухай” тушаал, 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай “ Заримт тэргүүний хүмүүсийг урамшуулан шагнах тухай” тушаал, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай “шагнаж урамшуулах тухай” тушаал, 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай “Баригад хэсгүүдийг түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай” тушаалын хуулбар болон гэрч нарын шүүхэд Б.Бат-Эрдэний ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, гэрч С.Мөнхтогоо, М.Лувсан-Очир, Н.Мөнхбаяр, Н.Гантөмөр, Д.Батбаяр, К.Геннады нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Иймд  Б.Бат-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1976 оны 02  дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 27-ныг хүртэл галчаар, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын 4 дүгээр ангид уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Буурал овогт Батданзангийн Бат-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 27-ныг хүртэл галч, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харъяа цахилгаан сантехник угсралтын 4 дүгээр ангид уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн  хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗУЛ