Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 351

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг Боргүвээ 5 дугаар хэсэг 137 тоотод оршин суух Боржигон овогт Хайдавын Сэлэнгэцэцэг РД: /МЮ-66102260/-ийн нэхэмжлэлтэй, 

“Улсад ажилласан жил тогтоолгох” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Сэлэнгэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч: Х.Сэлэнгэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хайдав овогтой Сэлэнгэцэцэг миний бие 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1 сар дагалдан хийж 1982 оны 08 дугаар сарын 25-нд үсчингээр анх ажилд орсон. Ингээд тус байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад 1987 оны 04 дүгээр сарын 06-нд өөрийн хүүхэд Чинзоригийг төрүүлэх гээд жирэмсний амралт авсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлээ гэж хэлж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ гардаж аваагүй, огт харж байгаагүй. Нийтийн аж ахуй үйлчилгээний 1982-1987 оны даргын тушаалуудын архиваас шүүж үзсэн боловч надтай холбоотой баримт гарч ирээгүй.

Иймд намайг 1982 оны 08 дугаар сарын 25-наас 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж байсныг гэрч нарын мэдүүлгийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Х.Сэлэнгэцэцэг нь 1982 оны 08 дугаар сарын 25-наас 1987 оны 4 дүгээр сарын 06 хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газарт үсчнээр ажиллаж байсан гэдэг боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичиг баримт олдохгүй, алга болгосон талаар өөр өөрөөр мэдүүлдэг, гэрч  Ё.Ганчимэг, гэрч, Г.Дагиймаа, Х.Саранчимэг нарын тодорхойлолт, мэдүүлгээс өөр нэхэмжлэгчийг ажиллаж байсныг нотлох  ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд зөвхөн 3 гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Хайдавын Сэлэнгэцэцэгийн “Улсад ажилласан жил” тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ