Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2016/04747

 

 

 

 

 

 

 

                        2016 оны 06 сарын 15 өдөр

 Дугаар 101/ШШ2016/04747

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж Континентал 1 дүгээр давхарт оршин байрлах, “Транскапитал ББСБ” ХХК /РД:2626209/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2а хэсэг Баатархайрхан гудамж 945 тоотод оршин суух, Бурдууд овогт Довтовын Нарантуяа /РД:ЧБ64041704/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 15,202,590 төгрөг гаргуулах тухай иргэнийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Алтансүх, хариуцагч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Транскапитал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч О.Алтансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Транскапитал” ББСБ Д.Нарантуяатай 2014 оны 03 сарын 19-ний өдөр 081403190411 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 15,000,000  төгрөгийг 2,8 % -ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 081403190411 дугаартай барьцааны гэрээний дагуу Зээлийн барьцаанд Д.Нарантуяагийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Баатархайрхан гудамж, 945 тоот хаягт байршилтай 112 мкв талбай бүхий амины орон сууц /Ү-2204042132/, 18652311091626 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 623 мкв талбайтай газрыг/Г-2204016095/ тус барьцаанд бариулсан байдаг. Зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 2016.3.21 өдөр дуссан. Бид зээлийн эргэн төлөлтийг хийхийг удаа дараа шаардсан боловч үл огоорон өнөөдрийг хүрсэн билээ. Д.Нарантуяа нь 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,887,515 төгрөг, зээлийн хүү 4,403,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 880,649 төгрөг, авлага /нотариатын зардал/ 14,000 төгрөг, сонинд зар 17,180 төгрөг, нийт 15,202,590 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан Д.Нарантуяагаас зээлийн гэрээний төлбөр 15,202,590 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь Д.Нарантуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 03 дугаар сарын 21-нд Транскапитал ББСБ-с зээл авсан. Үнэндээ сүүлийн 2 жлийн хугацаанд өөрийн үнэтэй бүхнээ алдахгүйн тулд өөрийн төрсөн ах, нөхрийхөө төлөө мөнгө төгрөгний асуудал их байсан. Төрсөн ах маань 90% групп тогтоолгосон. Бөөрний хорт хавдарын эцсийн 4-р шатанд орсон. Нөхөр маань нурууны хагалгаанд орсон. Одоо 2 урт төмөр 8 боолттой насан туршдаа энэ төмрийг авах боломжгүй. Саяхан бас тархиндаа харвалт өгөөд группд орсон. Энэ хоёртоо би маш их мөнгө зарцуулсан. Ах маань бидэнтэй амьдардаг. Үнэндээ банкаа төлж чадаагүй нь үнэн. Гэхдээ би гомдолтой байна. Яагаад гэвэл надад банкнаас 2016.03.10-д шаардах хуудас ирсэн. Нийт төлбөр 13,168,976 гэсэн. Гэтэл удалгүй шүүхэд нэхэмжлэл 2016.03.25-нд ирсэн. Үүнд нийт төлбөр 15,202,590 байна. Зөвхөн 10 хоногийн дотор 2,107,440 зөрүү байна. Би 9,887,515 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй гэдгээ зөвшөөрнө. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ нь зээлийн гэрээний үүрэгт нийт 15,202,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Нарантуяа нь 10 хоногийн дотор шаардах хуудсанд бичсэн төлбөрийн дүн их хэмжээгээр өөрчлөгдсөн тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж, харин үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 9,887,515 төгрөгний талаар маргаагүй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгний зээл олгосон бөгөөд энэ талаар маргаагүй. Энэхүү гэрээгээр 24 сарын хугацаатай зээл олгож, сард 2,8 хувийн хүү, хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ Улмаар үндсэн зээлээс 9,887,515 төгрөгний үлдэгдэл төлбөртэй талаар зохигч хэн аль нь маргаагүйг дурдах нь зүйтэй. Гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан тул гэрээний хугацаанд 10,080,000 төгрөгний хүү тооцогдох боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 7,618,610 төгрөгний хүү тооцож шаардлага гаргасан тул шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 4,403,246 төгрөгний хүү төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. /хавтаст хэргийн 8 дугаар тал/ Үүнээс нэхэмжлэгчийн тооцож нэхэмжилсэн хүүнээс төлсөн хүүг хасвал 3,215,364 төгрөгний хүүний үлдэгдэлтай бөгөөд нэхэмжлэгч нь уг тооцоог шүүхэд гаргасан байна. Улмаар гэрээний 3.1.7-д зааснаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцвол 643,072.8 төгрөг болно. Мөн хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар, түүний үндэслэлийг нотлоогүйг дурдах нь зүйтэй. Эдгээрийг нэгтгэн тооцвол хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 13,745,951.8 /9,887,515+3,215,364+643,072.8/ төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзлээ. Түүнчлэн зохигчид 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатархайрхан гудамжны 945 тоот хаягт байрлах 623 мкв газар, 112 мкв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13,745,951.8 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 1,456,638.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг мөн хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч Д.Нарантуяагаас зээлийн гэрээний үүрэгт 13,745,951.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,456,638.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Нарантуяа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан хэмжээгээр Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатархайрхан гудамжны 945 тоот хаягт байрлах эрхийн Г-2204016095 дугаарт бүртгэгдсэн 623 мкв газар, эрхийн Ү-2204042132 дугаарт бүртгэгдсэн 112 мкв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нарантуяагаас 296,880 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-д 226,680 төгрөг олгож, 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД