Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 365

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Нийслэлийн Хан-уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай, Номин даатгал ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, Бахат овогт Шанасын Арайд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.Арай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1008157 төгрөг, төлөгдөөгүй хүүний дүн 498584 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99716 төгрөг, нийт 1606457 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.Арай нь "Номин даатгал" ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын албан тушаалд ажиллаж байх үедээ буюу 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/ХЗГ313 тоот хэрэглээний зээлийн гэрээг "Номин юнион" ХЗХ-той байгуулж сарын 1.89 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний бараа авах зориулалтаар 1099990 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийг авахдаа Ш.Арай нь "Номин даатгал" ХХК-ийн гүйцэтгэх захиралд хандан "Уг зээлийн гэрээнд батлан даагч хэрэгтэй байгаа тул батлан дааж өгнө үү хэмээн хүсэлт гаргасныг хүлээн авч "Номин даатгал" ХХК Ш.Арайгийн үүргийн гүйцэтгэлийг "Номин юнион" ХЗХ-ны өмнө батлан даахаар тохиролцож 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/БДГ313 дугаартай "Батлан даалтын гэрээг" байгуулсан билээ.

Гэтэл зээлдэгч Ш.Арай нь 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр зээл болон зээлийн хүүг нэг удаа 100000 төгрөгөөр төлж барагдуулаад дахин зээлийн гэрээ болон түүний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй улмаас "Номин даатгал" ХХК батлан даалтын гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж Ш.Арайгийн зээлийн хүү 117914, үндсэн зээлийн үлдэгдэл 1008517 нийт 1126071 төгрөгийг "Номин юнион" ХЗХ-нд бүрэн төлж барагдуулсан. Номин даатгал ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн үүргийг түүний өмнөөс биелүүлж үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул Монгол Улсын Иргэний хуулийн 462 дугаар зүйлд заасны дагуу Номин юнион ХЗХ-ны шаардах бүх эрх Номин даатгал ХХК-нд бүрэн шилжсэн билээ.

Номин даатгал ХХК-ийн зүгээс Ш.Арайд зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 462 дугаар зүйл, 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн NU/XЗ313 тоот зээлийн гэрээний 2.4, 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн NU/БД313 тоот батлан даалтын гэрээг тус тус үндэслэн 2014 оны 2 дугаар сарын 06-наас 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 785 хоног бөгөөд нийт төлөгдөөгүй хүүний дүн 498584 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний дүн 99716 төгрөг, үндсэн зээлийн 1008157 төгрөг буюу нийт 1606457 төгрөгийг Ш.Арайгаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Арай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Номин даатгал ХХК-ны 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Үүнд миний зүгээс дараах зүйлүүдийг ойлгоогүй болно. Миний хувьд Номин Юнион Хадгаламж Зээлийн Хоршооноос 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Асус маркийн ноутбук зээлээр авсан нь үнэн. Уг зээлийн төлбөрийг сар бүрийн Номин даатгал ХХКомпаниас авсан цалингаас суутгаж байсан. 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 100000 төгрөгөөр суутгаж 500000 төгрөг 2014 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд ямар ч цалин хөлс олгоогүй учир тухайн саруудад авах ёстой цалингаар үлдсэн 600000 төгрөгийн тооцоо дуусах ёстой байсан. Миний бие тус ажлаа албан ёсоор 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. Гэвч 7, 8-р саруудын нийгэм даатгалын шимтгэл хүртэл төлөгдөөгүй байсан. Тухайн үед цалин яагаад хасагдаж орж ирээд байгааг нь тодруулахад ноутбукний үнэ болон утасны төлбөрт суутгаж байгаа гэсэн хариу өгдөг байсан. Дашрамд хэлэхэд Номин даатгал ХХК надад нэг ч удаа зээл хийгдээгүй төлөх ёстой гэдгийг хэлж байсангүй. Хэрвээ миний цалингаас суутгал хийгээгүй тохиолдолд би Номин даатгал ХХК-нд ажиллаж байх хугацаанд мэдэгдэх ёстой гэж бодож байна. Тиймээс миний бие уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Холбогдох материал болох нийгэм даатгалын дэвтрийн хуулбар, ажил хүлээлцсэн акт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсаргав гэжээ.

Хариуцагч Ш.Арай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би Номин даатгал ХХК-ний Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын ажил хийж байсан маань үнэн. Бүх аймгийн захирлуудад нотебүүк тарааж үнийг нь цалингаас суутгаж авахаар гэрээ хийсэн нь үнэн. Би бүх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Сар бүр 100000 төгрөгийг цалингаас суутгахаар тохиролцсон байсан. Би цалингаас дээрх нотебүүкийн үнийг суутгаж байсан гэж ойлгосон. Учир нь миний цалин дутуу орж байгааг лавлахад нотебүүкийн үнийг татаж байгаа гэсэн тайлбар өгсөн. Би 6 сараас 9 сарын хооронд цалингүй ажилласан. Би 9 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгөхдөө дээрх 3 сарын цалинг нотебүүкийн үнэд татахаар тохиролцсон байсан. Би үүнийг 2 жилийн дараа мэдэж байгаа нь харамсалтай байна. Надад төлбөр төлөх ёстой байсныг сануулсан бол би зээлийн хүүгийн өсгөхгүйгээр төлөх боломжтой байсан. Миний цалингаас дээрх нотебүүкийн үндсэн үнийг суутгаагүй нь нотлогдвол би нотебүүкийн үнийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй. Би зээлийн хүүгийн мөнгийг төлөхгүй. Учир нь 2 жилийн хугацаанд мэдэгдээгүй. Номин даатгал ХХК нь Номин юнионд 1126000 төгрөг төлсөн гэж байна. Яагаад 2 жилийн хугацаа өнгөрүүлж хүү өсгөснийг мэдмээр байна. 2 жилийн хугацаанд надад мэдэгдээгүй ба төлбөр төлөх санамж өгөөгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь хариуцагч Ш.Арайгаас зээлийн болон батлан даалтын үүрэгт 1606457 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ш.Арай нь Номин даатгал ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын албан тушаалд ажиллаж байх үедээ Номин юнион ХЗХ-той 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/ХЗГ313 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 1099990 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.89 хувийн хүүтэй, хэрэглээний бараа авах зориулалтаар зээлж авсан байна. Зээлдэгч Ш.Арай нь уг зээлээс 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зээл болон хүүг нэг удаа 100000 төгрөгийг төлсөн байна.

Номин даатгал ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Номин юнион ХЗХ-той NU/БДГ313 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж Ш.Арайгийн үүргийн гүйцэтгэлийг Номин юнион ХЗХ-ны өмнө батлан даахаар тохиролцсон байна.

Зээлдэгч Ш.Арай нь зээлийн гэрээ болон түүний хавсралтанд заасан үүргээ биелүүлээгүй тул Номин даатгал ХХК нь батлан даалтын гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болох нь Номин юнион ХЗХны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №16/53 дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд Номин юнион ХЗХ нь үүрэг гүйцэтгэгчээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Номин даатгал ХХК-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч болон Номин юнион ХЗХны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №16/53 дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичгээс үзэхэд Номин даатгал ХХК нь батлан даалтын гэрээний дагуу Ш.Арайгийн зээлийн хүүний үлдэгдэл 117914 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1008157 төгрөг, нийт 1126071 төгрөг төлсөн байна.

Хариуцагч Ш.Арайгаас шүүхэд гаргасан тайлбартаа Номин даатгал компаниас авсан цалингаас 2014 оны 2 дугаар сараас 05-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 100000 төгрөг суутгаж байсан байсан ба 2014 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл цалин олгоогүй учир тооцоо дуусах ёстой гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчаас ХААН банкны депозит дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн боловч зээл төлснийг нотлох баримт биш байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагч Ш.Арай нь Номин даатгал ХХК-ийн Номин юнион ХЗХ-нд төлсөн 1126071 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөгдөөгүй хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Хариуцагч Ш.Арайгийн Номин юнион ХЗХ-той байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр NU/ХЗГ313 тоот хэрэглээний зээлийн гэрээний 2.4-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү зээлийн гэрээний 2.1-д заасан хувийн хүүг хавсралтад заасан графикийн дагуу төлөх бөгөөд зээлийн хүүг ашигласан хоногоор тооцно гэж харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй гэж заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч болох Номин юнион ХЗХ-ны бүх эрх Номин даатгал ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй тул төлөгдөөгүй хүү 498584 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99716 төгрөгийг нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь шаардах эрхтэй байна. Иймд Ш.Арайгаас 1606457 төгрөгийг гаргуулан Номин даатгал ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Шанасын Арайгаас 1606457 төгрөгийг гаргуулан Номин даатгал ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40660 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Арайгаас 40660 төгрөг гаргуулан Номин даатгал ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хариуцагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК