Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 292

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг Дэрсэн хонхор гэх газар оршин суух, 1954 онд төрсөн, 62 настай, Шарнууд овгийн Адъяагийн Цэрэннадмидын хүсэлттэй,

            “М.Довдонтой хамтын амьдралтай байснаа сэргээн тогтоолгох” тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Цэрэннадмид, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Цэрэннадмид шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1974 оны 05 дугаар сарын 20-нд Мараа овогтой Довдонтой гэр бүл болж 10 хүүхдийн эцэг эх болсон. Миний хань 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Бага хүү Д.Цагаанхүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж тэтгэмж олгох хүсэлт гаргасан боловч бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй тул шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолго гэсэн. Иймд намайг М.Довдонтой хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Цэрэннадмид нь “М.Довдонтой хамтын амьдралтай байснаа сэргээн тогтоолгох”тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

А.Цэрэннадмид нь Чой овгийн Марааны Довдонтой 1974 оноос эхлэн 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан,  М.Довдон нь  2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 116 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 354 тоот лавлагаа, Чой овгийн Марааны Довдонгийн №0000161880 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Бат-Эрдэнэ, Д.Долгорсүрэн, Д.Шийлэгдорж, Д.Должинсүрэн, Д.Шийлэгбат, Д.Батдолгор, Д.Эрдэнэбат, Д.Шийлэгчимэд нарын иргэний үнэмлэхний хуулбар, №0460015/118, 113 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч Д.Дамдинсүрэн, С.Үүрцайх, Ц.Гаваа нарын мэдүүлэг, №1046965 дугаартай улаан паспортын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Шарнууд овгийн Адъяагийн Цэрэннадмидыг 1974 оноос эхлэн 2016 оны 02 дугаар сарын 14-нийөдрийг хүртлэх хугацаанд Чой овгийн Марааны Довдонтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА