Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/00145/И |
Дугаар | 1129 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 1129
“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03256 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ХХХ” ХХК,
Хариуцагч Хт холбогдох,
Гэрээний үүрэгт 15 537 996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ, өмгөөлөгч ХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” ХХК болон “ХХ” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10/01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “ХХ” ХХК-ийн эзэмшлийн 36 айлын А1 бүрэн үйлчилгээтэй, бизнес орон сууцыг худалдан борлуулах, гүйцэтгэгчийн зуучлалын ажлын хөлсний хувь хэмжээг тооцож, “ХХХ” ХХК-д төлөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний дагуу Х, ХХХХХХХХ нартай “ХХХ” ХХК болон “ХХ” ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХ давхарт байрлах, В1 загварын 87.2 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан.
Х, ХХХХХХХХ нар нь гэрээний дагуу байрны урьдчилгаа төлбөрийг 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 572 700 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4 373 000 төгрөг тус тус төлж, нийт 19 945 700 төгрөгийг шилжүүлснээс “ХХХ” ХХК нь “ХХ” ХХК-д 4 373 000 төгрөг, 6 963 434 төгрөгийг тус тус шилжүүлж үлдэгдэл 8 609 266 төгрөгийг зуучлалын ажлын хөлсөнд суутган авсан. Улмаар Х, ХХХХХХХХ нар нь 18 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г дангаар цуцлан ХХХХХХХХХХт шилжүүлж 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар бариулах 20 тоот гэрээг шинэчлэн байгуулсан.
ХХХХХХХХХХ нь гэрээний дагуу төлөх урьдчилгаа төлбөрийг “ХХХ” ХХК-ийн зааварчилгаагаар ХХХХХХХХХХХ нэрээр 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 38 246 600 төгрөгийг Хын дансанд шилжүүлсэн байдаг. Уг 38 246 600 төгрөгөөс "ХХХ" ХХК-ийн "ХХ" ХХК-д шилжүүлсэн 11 336 434 төгрөг, ХХХХХХХХХХ нэрээр төлсөн 1 323 193 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл 25 586 973 төгрөгийг "ХХХ" ХХК нь "ХХ" ХХК-д төлөхөөр орон сууц захиалгаар бариулах 20 тоот гэрээний 4.3-т тусгасан байдаг. Үүнийг "ХХХ" ХХК "ХХ" ХХК нь харилцан тохиролцож байгуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Дээрх гэрээгээр тохиролцсон 25 586 973 төгрөгөөс "ХХ" ХХК-ийн ХХХХХт төлөх байсан 9 235 749 төгрөгийг "ХХХ" ХХК-иар төлүүлснийг, маркетингийн зардал 813 228 төгрөгийг тус тус хасаж үлдэгдэл 15 537 996 төгрөгөөс хариуцагч "ХХХ" ХХК-иас 8 758 368 төгрөгийг, хариуцагч Хаас 6 779 628 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ХХХ” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "ХХХ" ХХК нь "ХХ" ХХК-ийн барьж байсан ХХХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ орон сууцны 3 давхарт байрлах, 87.2 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулахаар 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах гэрээ"-ний дагуу Х, ХХХХХХХХ нартай 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “ХХ” ХХК-ийг төлөөлж гэрээт борлуулагчаар "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г тус тус байгуулсан юм. Гэтэл дээрх орон сууц нь гэрээний дагуу тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй тул захиалагч ХХХХХХ, Х нар нь төлсөн төлбөрийг буцаан авах, захиалагчийг солих талаар хүсэлт гаргасны дагуу ХХХХХХХХХХтай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, төлбөрийг буцаан олгож, орон сууцны захиалагчаар ХХХХХХХХХХыг сольж, төлбөр тооцоог өнөөдрийн байдлаар бүрэн төлж дууссан.
ХХХХХХХХХХ нь орон сууцны төлбөрөөс 38 246 600 төгрөгийн иргэн Хийн Худалдаа хөгжлийн банкин дахь 109027910 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Үүний улмаас “ХХ” ХХК болон "ХХХ" ХХК, Х нарын хооронд маргаан үүсэж, улмаар Хийг илүү авсан төлбөрийг “ХХ” ХХК-д шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй болно. "ХХХ" ХХК нь гэрээний дагуу 38 246 000 төгрөгийг “ХХ” ХХК-д төлөх ёстойгоос 21 895 376 төгрөгийг төлсөн, одоо нэхэмжлэлийн шаардлагаас 5 995 464 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа тул 5 995 464 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч Х шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х нь 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдөр "ХХ" ХХК-ийн барьж байгаа А1 орон сууцны 3 давхрын 3 өрөө Б1 загварын 87.2 м.кв орон сууцыг захиалж, гэрээт борлуулагч "ХХХ" ХХК түүнийг төлөөлж лизингийн албаны захирал албан тушаалтай ХХХХХХХХХтой Иргэний хуулийн 409, 410 болон бусад хууль тогтоомжийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн зуучлан борлуулах гэрээ байгуулсан. Ингээд 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр "ХХ" ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 26-д орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.
2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15 572 000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 4 373 000 төгрөг тус тус "ХХХ" ХХК-ийн 1105037694 тоот дансанд хийсэн байдаг. Миний бие анх гэрээ байгуулахдаа урьдчилгаа 19 975 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний 4.3-т төлбөр төлөх график тусгасан бөгөөд үлдэгдэл төлбөрийг өөрийн хуучин байраа борлуулах болон банкны лизингээр авах хүсэлтэй байсан. Гэвч барилга хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас банкнаас авах зээлд хүндрэл гарсан. Тус компани нь 2012 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэж гэрээнд заасан боловч ашиглалтад ороогүй 2013 оны 2 дугаар улирал хүртэл хүлээсэн.
"ХХ" ХХК-д удаа дараа очиж уулзаж байсан боловч хариу өгөөгүй бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал ХХХХХХХ манай борлуулагч "ХХХ" ХХК-тай очиж учраа ол гэсэн. Ингээд орон сууцны 20 000 000 гаруй төгрөг төлж жил гаруй хугацаанд хүлээсэн бөгөөд борлуулагч "ХХХ" ХХК-д хандан борлуулах хүсэлт тавьж тэд ХХХХХХХХХХ нь Хийн дансанд 38 246 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс борлуулагч "ХХХ" ХХК-ийн дансанд 8 609 266 төгрөгийг шилжүүлсэн. "ХХ" ХХК, "ХХХ" ХХК, Х нар тохиролцож захиалагчийн зээлийн хүү 15 хувийг төлөхөөр тохиролцсон байдаг. "ХХХ" ХХК-иас лизинг хариуцсан захирал ХХХХХХХХХ нь “ХХХХХХХХХХ танай байрыг 2 400 ам.доллараар авахаар болсон зарах уу” гэсэн саналыг гаргаж Х 1 620 ам.доллараар Хурд групп-т нүүхээр болсон байсан мөн 1 920 ам.доллараар хийсэн гэрээ нь 2 400 ам.доллар болсон тул зөвшөөрсөн. Ингээд таны дансанд 38 000 000 төгрөг орно та зөрүүг нь төлөөрэй гэсэн тул 8 609 266 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 9 000 000 төгрөгийг Х нь зээлийн хүү, 350 ам.долларын зөрүү гэж ойлгосон байдаг. Гэрээ байгуулагдаж байр шилжснээс хойш 3 жилийн хугацаанд ямар ч маргаан гараагүй байснаа гэнэт одоо нэхэмжилж байгааг гайхаж байна. Хариуцагч Хийн зүгээс зөрүүг тооцож үзээд 3 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч "ХХХ" ХХК-иас 5 995 464 төгрөгийг, хариуцагч Хаас 6 779 628 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "ХХ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 762 904 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "ХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ХХХ" ХХК-иас 110 877 төгрөг, хариуцагч Хаас 123 424 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "ХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 260 дугаар зүйлиин 260.1, 260.3 дахь хэсэгт тус тус маргаан бүхий харилцааны талаар заажээ. Х нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөрөө төлөн орон сууц захиалгаар бариулах гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулж, уг орон сууц захиалгаар бариулах гэрээний эрхээ хариуцагч компаниар зуучлуулан ХХХХХХХХХХт худалдаж, зөрүү орлогыг нь шударгаар олж авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэж байгаад үнэхээр харамсаж байна.
Захиалагч тал нь уг орон сууц захиалгаар бариулах эрхээ Иргэний хуулийн 260 дугаар зүйлд заасны дагуу борлуулсан ашгаа хүртэх эрхгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх үзэж байгаа бол ямар үндэслэлээр уг эрхийг борлуулсны ашгийг зуучлагч эсхүл гүйцэтгэгч компани авах талаар хууль зүйн дүгнэлт гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлэн шийдвэр гаргасан.
Мөн хэргийн материалд нотлох баримтаар авагдсан тус дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0829 дугаартай шийдвэрт иргэн ХХХХХХХХХХ нь тус маргаан бүхий мөнгийг Х руу шилжүүлэхийг зуучлагч "ХХХ" ХХК нь хэлсний дагуу шилжүүлсэн гэж тус шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Хаас 6 779 628 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын Хт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-иас 8 758 368 төгрөг, хариуцагч Хаас 6 779 628 төгрөг, нийт 15 537 996 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “ХХХ” ХХК 5 995 464 төгрөгийг төлөхөө зөвшөөрч үлдэх 2 762 904 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж, хариуцагч Х нь 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх 3 779 628 төгрөгийг төлөхөөс татгалзжээ.
Зохигчид 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг зэвсгэрт баригдаж байгаа 36 айлын “А1” бүрэн үйлчилгээтэй, бизнес орон сууцыг худалдан борлуулах үүргийг “ХХХ” ХХК хүлээж, “ХХ” ХХК нь зуучлалын ажлын хөлс төлөхөөр тохиролцон Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
“ХХ” болон “ХХХ” ХХК нь иргэн Х, ХХХХХХХХ нартай гурвалсан гэрээ байгуулж, 87,2 м.кв талбайтай “В1” загварын 3 өрөө орон сууцыг захиалгаар барьж, хугацаанд нь хүлээлгэн өгөх, худалдан авагч үнийг графикийн дагуу төлбөр төлөхөөр тохиролцсон байх тул захиалагч нь гэрээний үүрэгт 19 945 700 төгрөгийг төлсөн, тохирсон хугацаанд орон сууц ашиглалтад ороогүйн улмаас захиалагч Х, ХХХХХХХХ нартай байгуулсан гэрээг цуцалсан, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай гэрээгээр уг байрыг ХХХХХХХХХХт шилжүүлж, ХХХХХХХХХХ нь орон сууцны төлбөрт 38 246 600 төгрөгийг Хийн Худалдаа хөгжлийн банкин дахь 109027910 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч “ХХ” ХХК-д захиалагч ХХХХХХХХХХ орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 291 945 600 төгрөг төлөхөөс 38 246 600 төгрөгийг худалдагч буюу зуучлагчид төлөлгүй, бусдын данс руу шилжүүлэх замаар талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 3.2-т заасан “худалдан авагчийн захиалсан байрны төлбөрийг графикийн дагуу төлүүлэх үүрэг хүлээх” үүргээ хариуцагч “ХХХ” ХХК биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг шаардах эрхтэй.
Харин 38 246 600 төгрөгөөс 22 708 604 төгрөгийг нэхэмжлэгч “ХХ” ХХК хүлээн авснаа зөвшөөрсөн тул Хт илүү шилжүүлснээс үлдсэн 9 512 532 төгрөгийг хасвал 5 995 464 төгрөгийг хариуцагч “ХХХ” ХХК хариуцах үндэслэлтэй байна.
Хариуцагч Х 9 512 532 төгрөгийг банкны хүүд тооцож үлдээхээр тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн шаардсан 6 779 628 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасанд нийцсэн байна. Иймд хариуцагч Хийн уг мөнгийг эрх борлуулсны ашигт авах ёстой гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 12 775 092 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 2 762 904 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/03256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ