Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 372

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, БК72021372 регистрийн дугаартай, Шеруши хурман овогт Нурсалханы Ертай,

БЮ74042303 регистрийн дугаартай, Шеруши санырау овогт Жаубайн Ризагүл нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Н.Ертай, Ж.Ризагүл нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 9310580 /есөн сая гурван зуун арван мянган таван зуун наян/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Ертай, Ж.Ризагүл нар нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХасБанктай барьцаат зээлийн 1260007797 дугаар гэрээ байгуулж 5,000,000 (таван сая) төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, 30 хоногт 2,5 хувийн хүүтэйгээр, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн шугамын 5001131135 дугаар гэрээ байгуулж 7,000,000 (долоон сая) төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 365 хоногт 30 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

1.2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Баталгаат ипотекийн 1260007797-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-0213005587 дугаартай Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр баг, Их булан 02-23 тоот 50 м.кв хувийн сууц,

2. 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн 1260007797 дугаар гэрээгээр Quanquai маркийн 21 инчийн зурагтыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн шугамын 5001131135 дугаар гэрээ, барьцаат зээлийн 1260007797 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 02 дугаар 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Н.Ертай, Ж.Ризагүл нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь зогссон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж зээлийн шугамын 5001131135 дугаар гэрээ, барьцаат зээлийн 1260007797 дугаар гэрээний 3.2; 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Н.Ертай, Ж.Ризагүл нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар:

1.Зээлийн шугамын 5001131135 дугаар гэрээний үндсэн төлбөр 7,000,000 төгрөг, хүү 1,242,919 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,130 төгрөг, нийт 8,359,050 төгрөг.

2.Барьцаат зээлийн 1260007797 дугаар гэрээний үндсэн төлбөр 832,550 төгрөг, хүү 113,686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,292 төгрөг, нийт 951,530 төгрөг, Нийт 9,310,580.21 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна:

1.зээлийн нийт төлбөр болох 9,310,580 төгрөгийг Н.Ертай, Ж.Ризагүл нараас гаргуулах.

2.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах.

3.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ертай, Ж.Ризагүл нар шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Ертай, Ж.Ризагүл бид хоёр Хас банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Хас банкны Ертай, Ризагүл бид хоёроос нэхэмжилсэн нийт 9310580 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн барьцаанд тавьсан хашаа, байшин, газрыг үүргийн гүйцэтгэлд өгөхөд татгалзах зүйлгүй. Бид нарын энэхүү тайлбарын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Бид хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй Н.Ертай, Ж.Ризагүл нарт холбогдох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 9310580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ертай, Ж.Ризагүл нар нь нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 9310580 төгрөгийг Хас банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Н.Ертай, Ж.Ризагүл нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Н.Ертай, Ж.Ризагүл нар нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 9310580 төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1260007797 тоот барьцаат зээлийн гэрээ болон 1260007797-01 тоот баталгаат ипотекийн гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр баг, Их булан, 02-23 тоотод байрлах хашаа, байшин 448 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар /Г-0213001697, дугаар 000198986/, 50 м.кв талбайтай хашаа байшин /Y-0213005587, дугаар 000195743/, Quanquai маркийн 21 инчийн зурагт зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Ертай, Ж.Ризагүл нар нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 9310580 /есөн сая гурван зуун арван мянган таван зуун наян/ төгрөгийг нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163920 төгрөгийн тал нь болох 81960 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 81960 төгрөг, мөн хариуцагч Н.Ертай, Ж.Ризагүл нараас 81960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ертай, Ж.Ризагүл нарын Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр баг, Их булан, 02-23 тоотод байрлах хашаа, байшин 448 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар /Г-0213001697, дугаар 000198986/, 50 м.кв талбайтай хашаа байшин /Y-0213005587, дугаар 000195743/, Quanquai маркийн 21 инчийн зурагт зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ