Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 04546

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04546

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

              Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, нарны зам гудамж 163 байр 65 тоотод оршин суух, регистр ИД73031818, Сартуул овогт Даваасүрэнгийн Анхбаярын нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 21-р айр 44 тоотод оршин суух, регистр ЧМ59111600, Галбаахан овогт Тостын Дуламжавт холбогдох 39 952 225 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянаад

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Дуламжавын хүсэлтээр 2013 оны 8-р сарын 26-ны өдөр 7 100 000 төгрөгийг 5 өдрийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Энэ хугацаанд надад 530 000 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 985 хоногт 33 327 475 төгрөг, үндсэн зээл 6 570 000 төгрөг, хүү 54 750 төгрөгийн хамт нийт 39 952 225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Дуламжав шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Анхбаярын нэхэмжлэлийн дагуу 8 000 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 20-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Дуламжавын гаргасан хүсэлтээр 8 000 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 20-ны дотор төлөх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагаас 31 952 225 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Анхбаяр нь Т.Дуламжавт  холбогдох 39 952 225 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд эвлэрч, Д.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлага 39 952 225 төгрөгөөс 8 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч Т.Дуламжав нь дээрх төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Анхбаяр, хариуцагч Т.Дуламжав нар нь 39 952 225 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 /найман сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 715 төгрөгийн 178 857,5 төгрөгийг улсын төсвөөс, 178 857,5 төгрөгийг хариуцагч Т.Дуламжаваас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Анхбаярт олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА