Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Далай гэх газарт оршин суух Боржигон овогт Шагдаржавын Ширмэнбаатарын  /РД: ЕЦ56082579/ хүсэлтээр

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ширмэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ширмэнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1977 оны 11 сарын 01-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд үхэрчинээр ажилд орж 1990 оны 10 сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад түүнээс хойш 1994 оны 10 сар хүртэл тэмээчнээр ажиллаж байгаад малчнаас чөлөөлөгдсөн юм. Түүнээс хойш нэгдэл тарж, компани болсон дараа мөн л 2004 он хүртэл  мал маллаж байгаад Замын-Үүд рүү шилжиж ирсэн. Одоо тэтгэвэрт гарах гэхээр хөдөлмөрийн дэвтэр батлагаажигдаагүй байна, зарим жилийн цалин архиваас гарч ирээгүй байгаа тул ажилласан жилд тооцогдохгүй байгаа юм. Ийм учир  намайг 1977 оны 11 сарын 01-нээс 1994 оны 08 сарын 31-ныг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Ш.Ширмэнбаатар нь 1977 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

Нэхэмжлэгч Ш.Ширмэнбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан “ Дорноговь аймгийн архивын тасгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн “ Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн архивын  баримтаас 1978-1989 оны цалингийн баримтыг шүүж  нэгдэлд малчинаар ажиллаж байсан Шаравдоржийн Ширмэнбаатарын  цалингийн тодорхойлолтыг  хүснэгтээр хавсаргав” гэсэн 209 тоот архивын магадлагаа,

-нэхэмжлэгч Ш.Ширмэнбаатарын 1978 оны 01 сараас 1989 оны 11 сарыг дуустал хугацаанд цалин хөлс авч байсан талаарх архивын тодорхойлолт,

-Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1977 оны 11 сарын 01-ний өдрийн “ ...Бруцеллёз өвчтэй үхэр маллагчаар Ширмэнбаатар, Шаравдорж нарыг ... ажиллуулсугай ” гэсэн 35 тоот тушаалын хуулбар,

-Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал бүрэн бус хариуцлагатай компанийн захирлын 1994 оны 11 сарын 28-ны өдрийн “ Ардын аж ахуйтан болох хүсэлтэй нэр бүхий хүмүүсийг 1994 оны 08 сарын 31-ний өдрөөс 1-р хавсралтаар Шинэ-Амьдрал хувьцаат компанийн малчинаас чөлөөсүгэй” гэсэн 53 тоот тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын 89 дүгээрт Ш.Ширмэнбаатар гэсэн тэмдэглэгээ бүхий тушаалын хавсралтын хуулбар,

-нэхэмжлэгч Ш.Ширмэнбаатарын “ 1977 оны 11 сарын 01-ны нэгдлийн даргын 35 тоот тушаалаар 1 дүгээр бригадад үхэрчинээр ажиллуулав...1981, 1982, 1984-1989 онуудад цалин хөлс авсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-гэрч Ё.Гантөмөрийн шүүхэд өгсөн “ Би 1971 онд цэргээс халагдаад Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ирж ажилд ороход Ш.Ширмэнбаатар нь Өргөн сумын 2 дугаар багт үхэр маллаж байсан.  Ширмэнбаатарын аав Шаравдорж гэдэг хүн үхэрчин байсан. Ширмэнбаатар аавыгаа залгамжилж нэгдэлд үхэр малласан. 1990 онд Шинэ-Амьдрал нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй үхэр маллаж байсан” гэсэн мэдүүлэг

-гэрч Л.Хоролсүрэнгийн шүүхэд өгсөн “Би 1979 оноос Дорноговь аймгийн Өргөн сумын эвлэлийн үүрийн  даргаар ажиллаж байхад Ширмэнбаатар нь Шинэ-Амьдрал  нэгдэлд малчин хийдэг байсан. 1972 оноос хойш  нэгдлийг татан буугдтал буюу 1992 он хүртэл  Шинэ-Амьдрал нэгдэлд мал малласан. 1977, 1978 оны үед Ширмэнбаатар нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн тэргүүний малчин залуу алтан медиалаар шагнагдаж байсан. Мөн мал маллаж  байхдаа  сумын аварга  малчин бусад  шагналаар шагнуулж байсан.  Манай нэгдлийн сайн малчдын  нэг юм “ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн 1990-1994 оны хооронд Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан цалингийн баримт шүүхэд ирээгүй боловч түүнийг тухайн нэгдэлд ажиллаж байсныг гэрчилсэн гэрч Ё.Гантөмөр, Л.Хоролсүрэн нарын мэдүүлэг болон Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал бүрэн бус хариуцлагатай компанийн захирлын 1994 оны 11 сарын 28-ны өдрийн 53 тоот тушаалын хуулбар, түүний хавсралт зэргийг үнэлэх нь зүйтэй юм.

Иймд нэхэмжлэгч Ш.Ширмэнбаатарыг 1977 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Шагдаржавын Ширмэнбаатарыг  /РД: ЕЦ56082579/ Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1977 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД