Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 04456

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/04456

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 116-248 тоотод оршин суух, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагч ажилтай, регистр ЦД79111211, Яргай овогт Лхагвасүрэнгийн Болдбаярын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 11-р байрны 15 тоот хаягт байрлах, “Цахиурхаан” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 2 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Болдбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, гэрч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Болдбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 11-р хороо, 41-р байрны суурийн давхрын миний эзэмшлийн 100 м.кв талбай бүхий байрыг 2015 оны 06 сарын 29-ний өдөр “Цахиурхаан” ХХК-ний захирал Б.Жаргалбаярт түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Байрыг 2015 оны 06-р сарын 10-ны өдрөөс 2 жилийн хугацаатай, сарын 1 200 000 төгрөгийн төлбөртэйгээр тохирсон. Би уг байранд 2009, 2015 онуудад их засвар хийж, түрээслэхэд бэлэн, засаж тохижуулсан байсан. “Цахиурхаан” ХХК нь түрээсийн байранд бяслагны үйлдвэр ажиллуулахаар гэрээ байгуулсан,  бизнесийн онцлог нь вакуумжуулсан, эрүүл ахуй, ариун цэврийн онцгой нөхцлийг харгалзан өөрсдийнх нь хөрөнгөөр засаж тохижуулах хүсэлт гаргасныг зөвшөөрсөн. Гэтэл “Цахиурхаан” ХХК нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны дотор төлдөггүй, байнга түрээслэгч талаар шахаж шаардуулсны үндсэн дээр хийдэг байсан тул 2016 оны 01 сарын 05-нд гэрээ цуцлах санал тавьсан. Түрээслэгч 2015 оны 11, 12-р сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул 2016 оны 1, 2-р сард шаардсан, төлнө гэдэг. Мө гэрээ байгуулахдаа  би орон сууцны зээлэнд 1.130.000 төгрөг төлдөг тул хугацаандаа төлбөрөө төлөхийг маш сайн ойлгуулж хэлсэн. Түрээслэгчийн хүсэлтийн дагуу 380 вольтийн тог болон тосгуур, жорлон нэмэлтээр хийж өгсөн. Ийм түрээсийн төлбөр 2 600 000 төгрөгийг Цахиурхаан ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 11, 12-р  сарын түрээсийн төлбөр гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа ямар зорилгоор түрээслэж байгааг 2 тал мэдэж байсан бөгөөд “Цахиурхаан” ХХК- баяслагны үйлдвэр ажиллуулахаар болсон. Нэхэмжлэгчийн байрны подвалыг  эрүүл ахуйн шаардлагыг хангасан биздээ гээд гэрээ хийсэн байгаа. Гэтэл байр нь маш бохир, ашиглах боломжгүй, хулгана, жоом ихтэй байсан тул 2016 оны 06-р сарын 29-нөөс 8-р сарын сарын 29-нийг хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй. Гэвч хувь хүнтэй гэрээ хийж 6 сая төгрөгөөр  засвар хийлгэсэн. Энэ асуудлыг удаа дараа өөрт хэлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Гэхдээ бид түрээсийн төлбөрт 5 500 000 төгрөг төлсөн. Түрээсийн гэрээ 2015 оны 8-р сарын 29-нд талууд дуусгавар болгосон гэж ойлгогдож байгаа. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдөлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулах,  үл хөдлөх эд хөрөнгийн бүргэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байдаг. Гэрээг бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй. Нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугласан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Болдбаяр нь Б.Жаргалбаярт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 2 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийг сольж “Цахиурхаан” ХХК-иас гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Л.Болдбаяр нь 2015 оны 6-р сарын 29-ний өдөр “Цахиурхаан” ХХК-тай 01 тоот “Түрээсийн гэрээ” байгуулжээ. Түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөр сарын 1 200 000 төгрөг, хугацаа 2015.06.10-аас 2017.06.10 гэж тохирсон байх ба харин  ямар эд хөрөнгийг, ямар зориулалтаар түрээслэх талаар гэрээнд тусгаагүй  /хх 3-5/ байна.

 

Л.Болдбаяр нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205034970 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж 41-р байрны зоорийн давхарын 99.6 м.кв талбай бүхий 5, 6, 7 тоот авто зогсоолыг түрээслүүлэх, түрээслэгч нь бяслагны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тохирсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин түрээслэгч нь 2015 оны 11, 12-р сарын түрээсийн төлбөр 2 600 000 төгрөг гаргуулахаар шаардсан бол, хариуцагч түрээсийн байр нь ашиглах боломжгүй байсан, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Түрээслүүлэгч нь авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн түрээсийн гэрээг улсын эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Хэдийгээр гэрээ нь хүчин төгөлдөр бус боловч “Цахиурхаан” ХХК нь тухайн байранд үйл ажиллагаа явуулахаар засвар үйлчилгээ хийсэн, түрээсийн төлбөрт 5 800 000 төгрөг төлсөн боловч үйлдвэрлэл явуулаагүй нь зохигчийн тайлбар, гэрч Б.Мөнхбатын “...шинэ ажил эхлэхээр гэрээ хийсэн, 7-р сараас засвар хийсэн, ариутгалын ажил хийсэн, дулааны шугамтай ойрхон тул асар их жоомтой байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна. 

 

Нөгөө талаас, талууд Эрүүл ахуйн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна”, Хүнсний тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа үр дагаварыг өөрөө хариуцна”, 10.1.2-т “ стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж...тай байх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах нийтлэг шаардлага, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.5-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө энэ хуулийн 6-р зүйлд заасны дагуу мэдээлэх, урьдчилсан хяналт шалгалтад хамрагдах” хуулийн заалтуудыг зөрчиж авто зогсоолын зориулалттай байранд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тохирсон нь буруу  байна. 

 

Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй, хариуцагч түрээсийн байрны түлхүүрийг 2016 оны 1-р сард нэхэмжлэгчид өгсөн нь нотлогдоогүй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Цахиурхаан” ХХК-иас 2 600 000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Лхагвасүрэнгийн Болдбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА