Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 322

 

2016 оны 05 сарын 24 өдөр     Дугаар 156/ШШ2016/00322

    Хэнтий аймаг


 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс:156/2016/00338/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
 
        Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Шарайд овогт Сандагийн Агваансодов (РД:СБ57091510)-ын нэхэмжлэлтэй
 
    “Нас тогтоолгох, ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
     Нэхэмжлэгч  С.Агваансодов  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч С.Агваансодов би 1956 оны 12 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. БХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 тоот тушаалаар 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаартай ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн н/137 тоот тушаалаар 1978 оны 08 дугаар сарын 15-ний өдөр цэргийн албанаас халагдсан ингээд Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 
Одоо өндөр насны тэтгэвэрт гаргахаар баримтуудаа бүрдүүлтэл  Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэр нь шатсан тул ямар ч баримт бичиг байхгүй байна. Мөн Хэнтий аймгийн архиваас миний “Батжил” нэгдэлд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд маань  бүрэн гарахгүй байна. /хөдөлмөрийн дэвтэрт огт бичилт хийгдээгүй байна/. 
Мөн намайг анх төрөхөд аав ээж маань Дорж гэх нэрийг хайрласан боловч би багадаа өвчин тусч лам нэрийг маань сольж Агваансодов болгон өөрчилсөн. Ингээд нэрийг маань солихдоо миний төрсөн он сар өдрийг бас солиод биччихсэн байсан. Тухайн үед нь би хүүхэд байсан учир энэ бүхний учир холбогдлыг бүрэн гүйцэт ойлгоогүйн улмаас одоо энэ бүхэн маргаантай болоод байна. 
Иймд миний төрсөн он сар өдөр нь 1956 оны 12 дугаар сарын 15-нд өдөр мөн болохыг болон Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
 
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.Агваансодов нь 1956 оны 12 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Батширээт суманд Сандагийн 8 дахь хүүхэд болон мэндэлсэн. Анх аав ээж нь түүнд Дорж гэх нэрийг хайрласан боловч биеийн байдал нь муудаж, лам залтал нэр нь хүндэдсэн байна гээд Агваансодов гэж нэрлэх болжээ. Ингээд нэрийг нь солихдоо түүний төрсөн он сар өдрийг бас солиод биччихсэн байна. Тухайн үед С.Агваансодов нь хүүхэд байсан учир энэ бүхний учир холбогдлыг бүрэн гүйцэт ойлгоогүйн улмаас одоо энэ бүхэн маргаантай болоод байна. 
Ингээд С.Агваансодов нь БХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 тоот тушаалаар 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн ангийн 022 дугаартай ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн н/137 тоот тушаалаар 1978 оны 08 дугаар сарын 15-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Тэгээд Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарынн 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гаргахаар баримтуудаа бүрдүүлтэл  Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэр нь шатсан тул ямар ч баримт бичиг байхгүй байна. Мөн Хэнтий аймгийн архиваас миний Батжил нэгдэлд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд маань  бүрэн гарахгүй байна. /хөдөлмөрийн дэвтэрт огт бичилт хийгдээгүй байна/. 
Иймд С.Агваансодовын насыг тогтоож /төрсөн он сар өдөр нь 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн болохыг/, Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
 
   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч  Шарайд овогт Сандагийн Агваансодов нь 1975 оноос 1978 он хүртэл хугацаат цэргийн албыг 3 жил хаасан байдал мөн 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар, 1983 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг мөн түүнчлэн 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийг гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч  Шарайд овогт Сандагийн Агваансодов нь 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн албыг Барилгын цэргийн 022 дугаар ангид 3 жилийн хугацаатай хаасан, мөн 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн лавлагаа /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн сан хөмрөгийн эрхлэгч У.Ганганмөрөнгийн олгосон тодорхойлолт /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон Батширээт сумын Батжил нэгдлийн 1983 оны удирдлагын баримтанд С.Агваансодовт холбогдох баримт байхгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн архивын тасгийн С.Агваансодовын цалингийн тодорхойлолт /хх-ийн 7-8х/, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Ерөнхий хорооны даргын 51 дугаартай 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Ээлжийн амралт олгох” тухай тушаал /хх-ийн 8 тал/, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дугаартай “Суурийн ахлагч, суурь зохион байгуулалтыг батлах тухай” даргын тушаал /хх-ийн 9х/, иргэн С.Агваансодовын нийгмийн даатгалын 0586179 тоот дугаартай дэвтрийн хуулбар /хх-ийн 10-11х/, гэрч Б.Оюунбаатарын мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч Ш.Алтанцэцэг /хх-ийн 21х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С. Агваансодовын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С. Агваансодовыг 1956.12.15-ны өдөр төрсөн. Анх Сандагийн Дорж нэртэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч С. Агваансодов нь иргэний үнэмлэхтээ 1957 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн гэж регистрийн дугаар авсан байна. С. Агваансодов нь багадаа С. Дорж нэртэй байсан гэх байдал нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна.Түүнчлэн нэхэмжлэгчийн Хэнтий аймгийн Батширээт сумын Мод бэлтгэх үйлдвэрт 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд  нормын ажилчнаар ажиллаж байсан гэх байдлыг тодорхойлох ямар ч нотлох баримт хэрэгт алга байна. 
Иймд нэхэмжлэгчийн 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох болон 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн  Батширээт сумын Мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь хавтаст хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байх тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Шарайд овогт Сандагийн Агваансодовыг 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.  Нэхэмжлэгч С.Агваансодовын 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Мод бэлтгэлийн үйлдвэрт нормын ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
3. Нэхэмжлэгч С.Агваансодов нь 1975 оны 05 дугаар сарын19-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгаас цэрэгт татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг дурсугай. 
4. Нэхэмжлэгч С.Агваансодовын 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Агваансодовоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгий тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод үлдээж, 35100 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР