Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 341

 

2016 оны 05 сарын 31 өдөр     Дугаар 156/ШШ2016/00341

    Хэнтий аймаг

 

 

 


                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 


Хэргийн индекс:156/2016/00317/И


Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг, Хэрлэн 9-9 тоотод оршин суух, иргэн Цагаан овогт Батсуурийн Сарнайцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг, Хэрлэн 9-9 тоотод оршин суух Боржигон овогт Өлзийбаярын Батбаатарт холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ө.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Сарнайцэцэг нь Хэнтий аймгийн Өлзийт тосгонд сургуулийн багш учир чөлөө олдохгүй, ажлын ачаалал ихтэй учраас шүүх хуралд оролцох боломжгүй тул шүүх хурлыг надгүйгээр явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б. Сарнайцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие Ө.Батбаатартай 2007 оны 06 дугаар сарын 25-нд гэр бүл болж 2007 оны 11 дүгээр сарын 05-нд охин Ану төрсөн. Бид 2011 оноос тусдаа амьдрах  болсон бөгөөд охин Ану миний асрамжинд байдаг. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийн баталгааг цуцлаж өгнө үү?. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ө.Батбаатараас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Охин Ануг миний асрамжинд үлдээхээр тохиролцсон болно гэжээ. /хх-ийн 1х/
 
 Нэхэмжлэгч Б. Сарнайцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: 
 
 Батсуурийн Сарнайцэцэг миний бие Ө.Батбаатартай 2007 оны 06 дугаар сарын 25-нд гэр бүл болж 2007 оны 11 дүгээр сарын 05-нд охин Ану төрсөн. Бид 2011 оноос тусдаа амьдрах болсон бөгөөд охин Ану миний асрамжинд байдаг. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү?. Миний бие нь Хэнтий аймгийн Өлзийт тосгонд Бүрэн дунд сургуулийн багш учир шүүх хуралдаа биечлэн оролцохгүй тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү? гэв.

Хариуцагч Ө.Батбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Б.Сарнайцэцэгтэй 2005 онд танилцаад бид хоёр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 9-9 тоотод амьдарч байсан. Тэгээд 2007 онд Ану охин төрсөн. 2011 онд бид салсан. Гэр бүлийн маргаан зөрчлөөс болж салсан. Байнга маргаан зөрчилдөөнтэй, үзэл бодол нийлдэггүй байсан.  Ер нь хоорондоо санал бодол нийлдэггүй байсны улмаас салсан. Охин Ану миний өөрийн төрсөн охин, одоо 9 настай ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж Б.Сарнайцэцэгийн асрамжинд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа.  Охин Ануг эх Сарнайцэцэгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Одоо миний бие эхнэр хүүхэдтэй болсон. Б.Сарнайцэцэгтэй цаашид хамт амьдрах боломжгүй байгаа болно. Хүүхдийн тэтгэлгийг Б.Сарнайцэцэг нь охин Ануг өөрийн асрамжинд авсан тохиолдолд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон болно гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Зохигчид болох Б.Сарнайцэцэг, Ө.Батбаатар нар нь 2007 онд гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Ану төрсөн байна.
  
Зохигчид нь зан харьцаа, үзэл бодлын таарамжгүй байдлаас шалтгаалж 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь одоо өөр бусадтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон зэрэг байдлууд нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд болон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Ч.Батцэцэгийн “Батбаатарын Ану охин нь эрүүл мэнд бойжиж байгаа болно” гэх тодорхойлолт /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер М.Батчимэгийн “Батбаатарын Ану охин нь тус сургуулийн 4а ангид суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн-6х/, охин Анугийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэрийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуулагч З.Баярмаагийн тодорхойлолт /хх-ийн 9х/,насанд хүрээгүй гэрч Б.Анугийн тайлбар /хх-ийн 17х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

        Иймд Б.Сарнайцэцэг, Ө.Батбаатар нарын гэрлэлтийг цуцалж, охин Б. Ануг эх Б.Сарнайцэцэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

        Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлаар ямар нэг маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Цагаан овогт Батсуурийн Сарнайцэцэг /РД:СШ85011106/, хариуцагч Боржигон овогт Өлзийбаярын Батбаатар /РД:ХД83031714/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн Батбаатарын Ану /РД: СЮ07310528/ охиныг эх Б.Сарнайцэцэгийн асрамжинд үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Зохигчид нь эд хөрөнгийн ямар нэг маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай. 
  
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сарнайцэцэгээс /Ө. Батбаатараас/ улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


АРГАЛАГЧ  ШҮҮГЧ                Ж.БОЛДБААТАР