Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 387

 

2016 оны 05 сарын 25 өдөр     Дугаар 156/ШЗ2016/01161

    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00347/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 08-13 тоотод оршин суух Гомбосүрэнгийн Лхагвасүрэнд архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд өгсөн хүсэлтдээ: Эрхэлсэн тодорхой ажилгүй Хэнтий аймаг, Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух Гомбосүрэнгийн Лхагвасүрэн согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.Лхагвасүрэн нь Хэнтий аймгийн 2 дугаар багт оршин суух Гомбосүрэнгийн Лхагвасүрэн нь согтуурах мансуурах, архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн архины хамаарлын талаарх тест, шүүхэд өгсөн тайлбар, эхнэр Ж.Мөрөнгийн тайлбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Энхбаярын тодорхойлолт зэргээс архинаас хамааралтай болох нь харагдаж байна. Г.Лхагвасүрэн нь нийт 8 удаа согтуугаар саатуулагдаж 4 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж 1 удаа баривчлагдаж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 11 сарын 20-ны өдөр согтуугаар саатуулагдсан зөрчил гаргасан. 2016 оны сүүлийн 6 сарын байдлаар саатуулагдаагүй. Г.Лхагвасүрэн нь эхнэртэйгээ 2-лаа архины хамааралтай судалгаанд байдаг. Эхнэртэйгээ цуг ахуйн хүрээнд архи уудаг. Албадан эмчилгээнд эхнэрийг нь эмэгтэй хүн гэдэг талаас нь цагдаагийн байгууллага үлдээсэн. Г.Лхагвасүрэн нь архи уухгүй байгаа гэдэг нь худлаа юм. Хамгийн сүүлд 2015 оны 11 сарын 20-ны өдөр саатуулагдсан. 
  Иймд Г.Лхагвасүрэнг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв. 
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би талийгаач ааваасаа хойш архи ууж байсан. Сүүлийн 7 сар архи уугаагүй. Нэг охин минь оюутан. Нэг хүүхэд маань МСҮТ-д сурдаг. Нэг охин минь 4 дүгээр ангид сурдаг. Сүүлийн хэдэн сар архи уухгүй байгаа болохоор хэрүүл маргаангүй сайхан амьдарч байгаа тул би архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэв

Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь Гомбосүрэнгийн Лхагвасүрэнд холбогдуулан архины албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  

Хэдийгээр Г. Лхагвасүрэн нь архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрбээр 2016 он гарснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, ямар нэг зөрчил гаргаж албадан саатуулагдаагүй, засралын байдалтай байгаа учраас энэ удаад түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ НЬ:
  
1.    Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Гомбосүрэнгийн Лхагвасүрэнг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай. 

2.    Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
            
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.БОЛДБААТАР