Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00427/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд  хийсэн  хуралдаанаар: Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хүсэлттэй, иргэн Б.Бат-Өлзийг “архины албадан эмчилгээнд явуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансувд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрхэлсэн тодорхой ажилгүй Б.Бат-Өлзий  нь согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хавтаст хэргийн 4 дүгээр талд Б.Бат-Өлзийг архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй гарсан гэсэн шинжээч эмчийн дүгнэлт байна. Энэ нь архинд донтох өвчний хүнд зэрэгт хамаардаг. Б.Бат-Өлзийг архины хамааралтай эсэхийг тогтоох тест бөглүүлэхэд 14 оноо буюу архины хамаарлын дунд зэрэгтэй гарсан. Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн засаг дарга Б.Болдын тодорхойлолт, Хэнтий аймгийн Батширээт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Мөнхдөлийн тодорхойлолт, Б.Бат-Өлзийгийн өөрийн тайлбар, гэрч Содном-Ишийн мэдүүлэг зэргээр Б.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг, архины хамааралтай гэдэг нь нотлогдож байна. Б.Бат-Өлзий нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр захиргааны журмаар албадан саатуулагдаж байсан. Мөн 5 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан гэв. (хх-ийн 18 тал)
Гуравдагч этгээд Б.Бат-Өлзий нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Бат-Өлзий би цагдаагийн газрын албадан архины эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Учир нь миний бие муу элэг, зүрх өвддөг. мөн миний бие хүнд өр төлбөртэй учраас ажил хийж өрөө барагдуулах шаардлагатай байгаа юм. Иймд намайг архины албадан эмчилгээнд явуулахгүй байж өгнө үү. Энэ хэрэгт холбоотойгоор өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 21 тал)
Шүүх хуралдаанд  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\албадан эмчилгээ\397-Ш-И Б.Бат-Өлзий.docx
ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн цагдаагийн газар нь иргэн Б.Бат-Өлзийг архины албадан эмчилгээнд  явуулахаар  шүүхэд нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.  

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэн Бадамхандын Бат-Өлзий нь байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж нийгмийн хэв журмыг зөрчиж байсан, урьд нь эмчлүүлсний дараа согтууруулах ундаа дахин хэрэглэсэн болох нь Б.Бат-Өлзийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд өгсөн: би архи согтууруулах ундаа хэрэглэдэг болоод 5-6 жил болж байна... эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор архи уудаг юм... 2015 оны 7 сард архины архины эмчилгээнд хамрагдсан ч 4 сарын дараанаас дахин архи ууж эхэлсэн....би нэг уухаараа 3-4 хоног тасралтгүй уудаг гэсэн тайлбар, (хх-ийн 9, 21 тал)  Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн засаг даргын 158 дугаартай тодорхойлолтод: Б.Бат-Өлзий нь ам бүл 3, эрхэлсэн тодорхой ажилгүй... 2010 оноос архи хэтрүүлэн хэрэглэх болсон... 2015 онд “архигүй Хэнтийчүүд хөтөлбөрт хамрагдаж эмчилгээ хийлгэсэн боловч 2015 оны 11 сараас дахин архи хэрэглэж, архидан согтуурдаг нь үнэн болно гэжээ (хх-ийн 7 тал) иргэн Б.Содном-Ишийн:... Манай хөрш айлын залуу байгаа юм... Б.Бат-Өлзий нь архи их уудаг ба гудамжаар согтуу явж байдаг... гэр орноор нь сумын архи уудаг хүмүүс цугладаг гэсэн тайлбар, (хх-ийн 10 тал) 2016 оны зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл, (хх-ийн 11 тал) архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан зөрчлийн тодорхойлолт, (хх-ийн 12 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.  
Гуравдагч этгээд Б.Бат-Өлзий нь архинд донтох өвчтэй болох нь  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн  эмч нарын дүгнэлт, эмчийн үзлэг, шинжилгээгээр тогтоогдож байна. (хх-ийн 4 тал)
Иймд Б.Бат-Өлзийг архины албадан эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Б.Бат-Өлзийг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, иргэн Б.Бат-Өлзийгөөс 70200 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан Б.Бат-Өлзийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар албадан эмчилгээнд хамрагдаж буй Б.Бат-Өлзий, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ