Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 04585

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/04585

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу  3/9, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16-р хороо, Амарсанаагийн гудамж, 1/60-р байрны 26 тоотод оршин суух, эрхэлсэн ажил байхгүй, регистр ХЗ48091565, Лха овогт Дашнямын Магсарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, хариуцагч Д.Магсар,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Магсар нь 2015 оны 01-р сарын 20-ны өдөр манай компиантай 1188545 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Д.Магсар нь 5 сарын хугацаанд 100 000 төгрөг төлсөн боловч үндсэн төлбөр 140 000 төгрөгийг төлөөгүй. Иймд Д.Магсараас 140 000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги 70 000 төгрөг нийт 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжэлийн шаардлага дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Д.Магсар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Жи мобайл” ХХК-тай гэрээ хийгээгүй. Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй, өндөр настны тэтгэвэрээр амьдардаг. Мөн миний бичиг баримтыг ашиглаад 3 сарын мөнгө “Жи мобиал” ХХК-нд төлсөн байдаг. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Тухайн гэрээн дээр байгаа  гарын үсэг минийх биш гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Жи мобайл” ХХК нь Д.Магсарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

“Жи мобайл” ХХК нь Д.Магсартай 2015 оны 1-р сарын 20-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж  240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 интернет төхөөрөмж худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэх 220 000 төгрөгийг 2015 оны 12-р сарын 17-ны өдрийг хүртэл сар бүр 20 000 төгрөг төлөхөөр /хх 6-7/ тохирчээ.

 

Худалдан авагч нь гэрээний хугацаанд 100 000 төгрөгийг төлж, бусад 140 000 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “ийм төхөөрөмж аваагүй, миний бичиг баримтыг ашиглаж мөнгө төлсөн, миний гарын үсгийг дуурайлган зурсан байна” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Гэрээ байгуулахад Д.Магсар нь өөрийн оршин суух Баянгол дүүргийн 16-р хорооноос тодорхойлолт авсан, иргэний үнэмлэх болон гэрээнд тусгагдсан мэдээлэл зөрүүгүй зэргээс дүгнэвэл хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Гэрээний 5-р зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба хариуцагч Д.Магсар нь үлдэх төлбөр 140 000 төгрөг, алданги 70 000 төгрөг нийт 210 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дашнямын Магсараас 210 000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Магсараас 6 950  төгрөг гаргуулж “Жи мобайл” ХХК-д  олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА