Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 04544

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04544

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу3/9, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 16-р хороо, Орхон 2 гудамж, 35 тоотод оршин суух, регистр УУ63031839, Хан хөгшин овогт Долгорын Отгонбаярт холбогдох 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад                                                                                                       

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Долгор овогтой Отгонбаяр нь 2015 оны 1 сарын 21-ний өдөр манай компанитай 1189256 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Д.Отгонбаяр нь 1189256 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1- д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140,000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Д.Отгонбаяртай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 140,000 төгрөг, гэрээний 5.3 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3% алданги тооцож нэхэмжпэх эрхтэй” гэж заасны дагуу 2015.06.17-2016.05.17 хоорондох нийт 334 хоногийн 70,000 төгрөгийн алдангийн хамт нийт 210,000 /хоёр зуун авран мянган төгрөг/-ийг хэрэглэгч Д.Отгонбаяраас гаргуулж өгнө үү.

 

            Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 210 000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 2-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов. Иймд эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь Д.Отгонбаярт холбогдуулан 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 210 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 10-р сарын 2-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 210 000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 2-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Д.Отгонбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийн 3 475 төгрөгийг улсын төсвөөс, 3 475 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА