Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 01198

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/01198

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, Зүүн түрүү 4-р баг, ТХ байр, 407 тоотод байрлах, “Илчит металл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Нарны хороолол, 7-р байр, 68 тоот,  “Асконт” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 57 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. 

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Асконт” ХХК нь  2011 оны 10-р сарын 01-ний өдрийн 00034 дугаар гэрээний дагуу манай компаниас нүүрс худалдан авахаар тохирч нүүрс авсан. Компаниуд 2012 оны 01-р сарын 23-нд тооцоо нийлсэн бөгөөд энэ тооцооноос үлдсэн 38 000 000 төгрөгийг төлөхөөр бичгээр зөвшөөрсөн боловч төлөхгүй өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд “Асконт” ХХК-иас үлдэгдэл төлбөр 38 000 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 19 000 000 төгрөг нийт 57 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “Асконт” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Илчит Металл” ХХК болон “Асконт” ХХк-ийн хооронд байгуулсан “нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээний дагуу “Илчит металл” ХХК-ийн нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангахгүй байсан учир Эрдэнэт үйлдвэр хүлээн авах боломжгүй болж улмаар алданги болон хасалт хийж бидэнтэй тооцоо хийсэн. Ойролцоогоор 1300 орчим тонн нүүрсний үнийн дүнтэй тэнцэх мөнгийг бид нүүрсний чанарын алдангиас хүлээсэн. Иймд тухайн алдагдлыг “Илчит металл” ХХК нэхэмжилж буй үнийн дүнгээс хасч тооцвол зөрүү мөнгийг бид төлөхөд бэлэн байна. Бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                   

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Илчит металл” ХХК нь “Асконт” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 57 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

“Илчит металл” ХХК нь 2011 оны 10-р сарын 01-ний өдөр “Асконт” ХХКтай “Нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ” байгуулж, 2012 оны 01-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд 4000 к/кал.кг ичлэгтэй нүүрсийг суурь үнэ 42 000 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөхөөр /хх 5-6/  тохирчээ.

 

Гэрээний хугацаанд худалдагч нь 10558,9 тонн нүүрс нийлүүлсэн, худалдагч 432 506 000 төгрөг төлөхөөс 205 395 400 төгрөгний үлдэгдэлтэй талаар 2012 оны 01-р сарын 23-ны өдөр тооцоо нийлжээ /хх 7/.

 

Тооцоо нийлснээс хойш “Асконт” ХХК нь төлбөрийн үлдэгдэл 38 000 000 төгрөгийг 2013 оны 10-р сард багтааж төлөхөөр баримт /хх 7/ үйлдсэн байна.

 

            Гэрээний 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан нүүрсний үнийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон байх тул 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги тооцож үлдэх төлбөр 38 000 000 төгрөг, алданги 17 000 000 төгрөг нийт 57 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас “Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн нүүрс нь чанарын шаардлага хангахгүй байсан тул хасалт хийсэн, чанарын алдагдлыг хасч тооцвол зөрүү мөнгийг төлөх”-өөр тайлбар гаргасан боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангаагүй, ямар хэмжээний алдагдлыг яаж хасуулах талаарх баримтыг гаргаагүй байна.

 

            Хариуцагч Г.Нандинцогт шүүх хуралдааны мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн боловч тухайн хаягт байдаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, түүнчлэн холбоо барих утсаар нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Асконт” ХХК-иас 57 000 000 /тавин долоон сая/ төгрөг гаргуулж “Илчит металл” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Асконт” ХХК-иас 442 950  төгрөг гаргуулж “Илчит металл” ХХК-д  олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА