Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 04370

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/04370

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Н.Хангал, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 1-р 40 мянгат,  60-р байрны 18 тоотод оршин суух, эрхэлсэн ажил ажилгүй, регистр ЧЗ49090508, Еншөөбүү овогт Бат-Очирын Батсүхийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 57/2 байрны 52 тоотод оршин суух, “Христэд итгэгч методист сүмүүдийн холбоо” ТББ-д зөвлөх багш ажилтай, паспортны дугаар 33743437, БНСУ-ын иргэн Ким овогтой Ё Иллд холбогдох гэм хор учруулсны хохиролд 93 084 390 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг /үнэмлэх 0474/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхчимэг /үнэмлэх 0088/, иргэдийн төлөөлөгч Э.Мандухай, гэрч Ө.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.                                     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батсүх, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч БНСУ-ын иргэн Ким Ё Илл нь 2015 оны 03-р сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг барилгачдын талбайн замд Рекстон маркийн 11-06 УБЯ дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 1-р хавсралтын 24.7.3 заалтуудыг зөрчиж, явган зорчигч Б.Батсүхийн хөлийг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.1 дэх  хэсэгт зааснаар 20152000298 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Тамирын  2015 оны 04-р сарын 17-ны өдрийн 303 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор ЭБШХ-н 208.1.3, 25.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогчтой сайн дураар эвлэрсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Авто ослийн улмаас Б.Батсүхийн баруун хөлний 4 хуруу, өсгий ясны хугарал, тархи доргилт гэсэн хүндэвтэр гэмтэл учирсан. Учирсан хохиролтой холбоотойгоор өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 228, 229, 230 дугаар зүйлүүдийг үндэслэн 93 584 390 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш гарсан шууд хохирол, өөрөөр хэлбэл, Монголд эмчилгээ хийлгэсэн зардал 3 919 035 төгрөг, ХБНГУ-д эмчлүүлсэн зардал 2 512 067 төгрөг, БНХАУ-д эмчлүүлсэн зардал 14 676 069 төгрөг, ахуйн зардал 5 826 036 төгрөг нийт 26 935 000 төгрөгийн шууд хохирол учирсан байна. Б.Батсүх 2014 оны 01-р сарын 01-ний өдрөөс  “Шинэ дэлхий” СӨХ-ны захирлаар сард 840 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. 2015 оны 03-р сарын 06-ны өдөр осолд орсноос  хойш 2015 оны 12-р сарын 14-ний өдрийг хүртэл ажилгй байсан. Иймд 6 сарын цалин 5 040 000 төгрөгөөр хохирсон. Түүний нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Ингээд 2015 оны 12-р сарын 14-ний өдрөөс ажилдаа орсон. Цалин 5 040 000 төгрөгийг шаардаж байна. Мөн Б.Батсүх нь хувиараа “Салатны цех” ажиллуулдаг бөгөөд сард дунджаар 300 000 төгрөгийн цэвэр ашиг олдог байсан. 6 сар эмчилгээтэй байхдаа орлогоо алдсан тул 1 800 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хохирогчийн хөл цаашид тусгай зориулалтын гутал, оймс, улавч, хөлний хэлбэр оруулагч зэргийг хэрэглэх заавартай. Хохирлын үнэлгээг “ИТГЭЛТ-ЭЙСТИМЭЙТ” ХХК нь Монгол улсад тусгайлан мэргэшиж  шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгааны хэмжээнд хийж байгаа. Энэ үнэлгээгээр Б.Батсүх нь осолд орох үедээ 66 настай байсан цаашид 87 нас хүртэл амьдрах боломжтой гэж үзэн нийт амьдралын жил нь 19 гэж тооцон  гадаадын иргэн учраас маш эргэлзээтэй гэдэг утгаар нэхэмжилж байна. Б.Батсүх нь сард дунджаар 240 000 төгрөгний зайлшгүй зардал гарна гэж үзээд 19 жилээр тооцож 54 995 015 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн “ИТГЭЛТ-ЭЙСТИМЭЙТ” ХХК  сэтгэл санааны хохирлыг 3 814 000 төгрөгөөр үнэлсэн. Б.Батсүх нь энэ ослоос хойш айдастай, зам хөндлөн гарч чадахгүй болсон. Мөн сав нь доргисон, сүүлийн үеийн оношлогоогоор сав нь доошоогоо унжсан, тархинд хаван үүссэн. Цаашид Герман улсад хагалгаа эмчилгээ  хийлгэх  шаардлагатай байна. Иймд БНСУ-ын иргэн Ким Ё Иллээс  үнэлгэчинд төлсөн 500 000 төгрөгийг нэмж нийт 93 084 390 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар авсан 20 000 000 төгрөг ороогүй болно гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн Ким Ё Илл нь 2015 оны 03-р сарын 16-ны өдөр автомашин  жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар бид маргахгүй, харин энэ  осол нэхэмжлэгч, хариуцагч хоёрын 50, 50 хувийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Явган зорчигч гарцгүй газраар гарч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь 2015 оны 3-р сарын 16-ны өдрийн 95 тоот  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ослын улмаас Б.Батсүхийн баруун хөлөө дайруулж хүндэвтэр гэмтэл авсан байдаг. Явган хүний гарц, гэрлэн дохио байсаар байтал гарцгүй газраар өөрийн буруугаас болж гарч байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад 2015 оны 4-р сарын 14-нд Б.Батсүх, Ким Ё Илл нар  нь эвлэрлийн гэрээ байгуулж, гарсан эмчилгээний зардал, цаашид гарах зардлыг нь тооцож 20 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Нэхэмжлэгч Б.Батсүх нь тээврийн прокурорын газарт ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй  гэсэн баталгаа гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээгээр хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгчид гэм хор учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байхад ашиг олох гэсэн санаа байна гэж ойлгож байна. Хохирогчийн эмчилгээний зардал баримтыг харахаар гадаад улсад зайлшгүй  эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримтгүй, эмч нарын зөвлөгөөний тогтоол ч байхгүй. Мөн салатны цехийн талаар огт яригдаж байгаагүй, ямар ч баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батсүх нь БНСУ-ын иргэн Ким Ё Иллд холбогдох гэм хор учруулсны хохиролд 93 084 390 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

БНСУ-ын иргэн Ким Ё Илл нь 2015 оны 03-р сарын 06-ны өдөр 11-06 УБЯ дугаартай Санг Ёнг Рекстон маркийн машин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1-р хавсралтын 24.7.3-т заасан “...дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана...” гэсэн заалтуудыг зөрчиж Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр Барилгачдын талбайн замд явган зорчигч Б.Батсүхийн баруун хөлийг дайрч, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3-р сарын 12-ны өдрийн 4066 тоот дүгнэлт /хх 139-140/, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2015 оны 04-р сарын 17ны өдрийн 303 тоот  тогтоол /хх 75-76/ зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 3-13/

 

Зам тээврийн ослын улмаас Б.Батсүхийн биед баруун хөлийн 2-5-р хуруунуудын өлмий ясны сэлтэрсэн хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр гэмтэл /хх 139-140/  учирсан байх ба эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны шатанд Ким Ё Илл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролд 20 000 000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Б.Батсүх, яллагдагч Ким Ё Илл нар нь сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг прокурорын 2015 оны 04-р сарын 17-ны өдрийн 303 тоот  “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх 75-76/-оор   хэрэгсэхгүй болгосон байна. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Батсүх нь өөрт учирсан хохирол, цаашид гарах зардалд 93 084 390 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч гэм хор учруулсны хохиролд 20 000 000 төгрөг төлж барагдуулсан гэж маргажээ.

 

Ким Ё Илл, Б.Батсүх нарын 2016 оны 4-р сарын 16-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээн”-нд /хх 134-136/ “...гэм хорын хохирлын төлбөрт 20 сая төгрөг хүлээн авсан, цаашид дээрх асуудлаар цагдаа, шүүх, прокурорын байгууллагат санал, хүсэлт, гомдол гаргахгүй”, Б.Батсүхийн Тээврийн прокурорт гаргасан хүсэлтэд “...цаашид санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй” талаар тусгасан,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3-р сарын 12-ны өдрийн 4066 тоот гэмтлийн зэрэг тогтоосон “...цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэсэн /хх 139-140/ дүгнэлтийн талаар маргаагүй байдлаас дүгнэвэл Ким Ё Илл нь гэм хор учруулсны хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хохиролд тооцож авсан 20 сая төгрөгийг эмчилгээнд зарцуулсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин баримтаар тогтоогдсон ХБНГУ-ын Элчин сайдын яаманд төлсөн визний хураамж 131 000 төгрөг, Бодь даатгалд төлсөн 234 000 төгрөг, МИАТ-ын нислэгийн тиизний үнэ 1 867 200 төгрөг, эмчилгээний зардал 2 513 000 төгрөг /хх 6-54/, МК интернешнл ХХК-иас авсан бэлдмэл 802 000 төгрөг /хх 71/ нийт 5 547 200 төгрөгийн зардлыг хохиролд тооцогдон төлөгдсөн гэж дүгнэлээ.

 

Хэргийн 55-68 дахь талд авагдсан БНХАУ-д хийгдсэн эмчилгээний зардал гэх баримтууд нь орчуулагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Б.Батсүх нь “Шинэ дэлхий” СӨХ-ны захирлаар 840 000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад ослын улмаас 2015 оны 03-р сарын 06-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй болж 6 сарын цалин 5 040 000 төгрөгөөр хохирсон гэж маргажээ.

 

Дээрх ослын улмаас нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон мэргэжлийн байгууллагын акт дүгнэлт гаргаагүй бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, төлбөрийг  тооцож хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй, түүнчлэн цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт хүчинтэй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 8-р сараас ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь 0971464 тоот нийгмийн даатгалын дэвтэрээр /хх 89, 122/ тогтоогдсон байна.

 

Нөгөө талаас, “Салатны цех” ажиллуулж сард 300 000 төгрөгийн цэвэр ашиг олдог байсан, 6 сар 1 800 000 төгрөгийн орлогоороо хохирсон гэх боловч 2014 оны 1-р сараас 2015 оны 3-р сарын Б.Батсүхийн Голомт банкны дансны хуулга, 2005 оны 10-р сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ нь /хх 77-87/ түүний ашиг орлогын нотлоогүй, эрхэлж байсан үйлдвэрлэл, олсон орлогоосоо татвар хураамж төлж ашигтай ажиллаж байсныг нотлосон баримтгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээг “ИТГЭЛТ-ЭЙСТИМЭЙТ” ХХК-иар гүйцэтгүүлж, энэ үнэлгээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байх хохирлын үнэлгээг нэхэмжлэгчийн цаашид амьдрах боломжтой насыг 87 насаар тооцож сард дунджаар 240 000 төгрөгний зайлшгүй зардлыг 19 жил буюу 54 995 015 төгрөгийн хохирол, сэтгэл санааны хохирлыг 3 814 000 төгрөгөөр, мөн шууд болон шууд бус хохирлын үнэлгээг тогтоож /хх 90-120/ нэхэмжилсэн байх ба үнэлгээ гаргасан үнэлгээчин Ө.Эрдэнэбаяр нь шүүх хуралдаанд үнэлгээний хийсэн үндэслэлээ мэдүүлсэн байна.

 

Үнэлгээ гаргахдаа ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тооцсон нь, Б.Батсүхийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлттэй нийцээгүй, бодит бус үнэлгээ гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 230-р зүйлийн 230.1, 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан БНСУ-ын иргэн Ким Ё Иллээс 93 084 390 /ерэн гурван сая наян дөрвөн мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн Бат-Очирын Батсүхийн нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй. 

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

 

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА

                         

     ШҮҮГЧИД                                           Н.ХАНГАЛ

                                                                                     

                                                                                      Ч.ЦЭНД