Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 170

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 44 дүгээр байрны 14 тоотод оршин суух, РД: СЩ 90020701, Хошууд овогт Нэргүйн Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 48 дугаар байрны 27 тоотод оршин суух, РД: ЛН 89040412, Зээрднүүд овогт Чулуунбаатарын Ганхүүд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Н.Цэндсүрэн, хариуцагч Ч.Ганхүү нар оролцов.

 

           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Ганхүүтэй 2009 оны 12 дугаар сарын 18-нд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болон 4 жил хамт амьдарч Мичидмаа гэдэг охинтой болсон. 2013 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарсан. Ганхүү нь хамт амьдарч байхдаа байнга архи ууж, зодож, дарамталж байдаг байсан учраас хамт амьдрах хүсэлгүй болсон. Ганхүү одоогоор эрхэлсэн ажил байхгүй, хамт амьдардаггүй тул гэрлэлтээ цуцлуулж охин Мичидмааг миний нэр дээр болгож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй” гэжээ.

Н.Цэндсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдээ өөрийн нэр дээр болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага маань хүүхдээ өөрийнхөө асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага юм. Түүнээс хүүхдийн эцгийн нэр өөрчлөх тухай асуудал биш юм аа” гэв.

Хариуцагч Ч.Ганхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэндсүрэн нь салах болсон шалтгаанаа намайг эрүүл, согтуу ч байнга зодож дарамталдаг байсан гэжээ. Ийм зүйл байхгүй бөгөөд 2013 оноос тусдаа амьдарч байгаа нь үнэн. Энэ хугацаанд би Бор-Өндөрт ажлаа хийгээд охинтойгоо амьдарч байсан. Би өөрөөс нь гэрлэлтээ цуцлуулахгүй. Хүүхдээ бодоод амьдаръя гэж гуйсан боловч Цэндсүрэн нь чамаас салаад жаргамаар байна гэсэн. Тэгэхээр би зовоогоод байгаа бол гэрлэлтээ цуцлуулсан нь дээр гэж бодож байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

 

                                                                                                    Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь хариуцагч Ч.Ганхүүгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн, хариуцагч Ч.Ганхүү нар нь 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Г.Мичидмаа төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөж байгаа талаарх эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүхээс зохигчдод 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 455 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрэх хугацаа олгосон боловч хариуцагч Ч.Ганхүү нь эвлэрүүлэн зуучлагчаас удаа дараагийн дуудсан хугацаанд очоогүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвхи санаачлагагүй оролцсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгон хэргийг ирүүлсэн байна мөн гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Охин Г.Мичидмааг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул охин Г.Мичидмааг эх Н.Цэндсүрэнгийн асрамжид үлдээж, зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг нь шийдвэрт тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Зээрднүүд овогт Чулуунбаатарын Ганхүү /РД: ЛН 89040412/, Хошууд овогт Нэргүйн Цэндсүрэн /РД: СЩ 90020701/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.Мичидмааг эх Н.Цэндсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг тайлбарласугай.

5. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цэндсүрэнд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн      120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР