Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 175

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 01-46 тоотод оршин суух СЕ82122606 регистрийн дугаартай, Үхэрчийнхэн овогт Очирпүрэвийн Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Уурхайчины 11-16 тоотод оршин суух СЩ86100910 регистрийн дугаартай, “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикт цахилгаанчин ажилтай Бугасогоот овогт Баярхүүгийн Батзоригт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Оюунтунгалаг, хариуцагч Б.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч О.Оюунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Батзоригтой 2010 онд танилцаж, 2013 он хүртэл холбоотой явсан. 2014 оны 08 сарын 07-нд охин Энхзул төрсөн. Энхзулыг төрөхөд болон төрсөнөөс хойш одоог хүртэл Б.Батзориг нь миний хүүхэд биш гэж татгалзсан. Б.Батзориг нь анхаарал халамж хандуулж байгаагүй. Иймд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Б.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2010 онд Оюунтунгалагтай танилцаж, үүнээс хойш уулзалдахгүй байж байгаад 2013 оны 03 сарын 10-ны үеэр Улаанбаатар хотод сургалтанд явж байгаад таарсан. Би тэр үеэс хойш Говь-Алтай аймгийн Алтайн хүдэр компанид ажилласан. Манай ажил 40 хоног ажиллаж, 18 хоног амардаг байсан. Энэ хугацаанд уулзалдаж байгаагүй гэв.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч О.Оюунтунгалаг нь хариуцагч Б.Батзоригт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь 2016 оны 07 сарын 08-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 3413 тоот шинжээчийн дүгнэлт ирсэн байна. Уг дүгнэлтэнд: “1.Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PHO, Penta D, Vwa, D8S1179, TPOX, FGA гэсэн 15 локусын аллелиар Б.Батзориг нь О.Энхзулын биологийн эцэг байх боломжтой байна. 2. Б.Батзориг нь О.Энхзулын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна” гэжээ.

Иймд О.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй Б.Батзоригт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн О.Оюунтунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-120 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

           1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бугасогоот овогт Баярхүүгийн Батзоригийг 2014 оны 08 дугаар сарын 07 ний өдөр төрсөн охин Оюунтунгалагийн Энхзулын эцгээр тогтоосугай.

           2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.Энхзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Батзоригоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            4. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү охин О.Энхзулын хэрэгцээнд зарцуулахыг эх О.Оюунтунгалагт даалгасугай.

            5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Батзоригийн эцэг байх үр хүүхэдээ өсгөн хүмүүжүүлэх эрх үүрэг хэвээр үргэлжилж байгааг  дурдсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Оюунтунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж  70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11 ний өдрийн 305 тоот шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Батзоригоос 97905 /ерэн долоон мянга есөн зуун таван/ төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

            7.  Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           8. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                   С.БАЙГАЛЬМАА